Журам батлах тухай

2014 оны 01-р сарын 17-ны өдөр                                                          №07

Журам батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 2а/4140 дугаар албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

            1.Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг шинэчлэн хавсралт ёсоор баталсугай.

 

            2.Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч           /Э.Бат-Үүл/-д зөвшөөрсүгэй.

            3.Тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 198 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА                                                  Д.БАТТУЛГА

 

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын   Тэргүүлэгчдийн  2014 оны 01 дугаар сарын 17-ний өдрийн 07 дугаар тогтоолын  хавсралт

 

НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

НИЙТЛЭГ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг  тодорхойлж,  хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохицуулалт хийж, хяналт тавихад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Энэхүү журмыг Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэд дагаж мөрдөнө.

1.3.Худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг нутаг дэвсгэрийн онцлог, хүн амын нягтрал, эрэлт хэрэгцээ, шаардлагыг харгалзан Нийслэлийн Засаг дарга  батална.

1.4.Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам нь Монгол улсын Үндсэн хууль бусад холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдана.

Хоёр. Нэр томъёоны ойлголт

2.1.Энэ журамд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.

2.1.1.“Бөөний худалдаа “ гэж хэрэглээний болон үйлдвэрлэлийн зориулалттай барааг жижиглэн худалдаа эрхлэгч этгээдэд их хэмжээгээр худалдах үйл ажиллагааг;

2.1.2.“Жижиглэн худалдаа” гэж хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан барааг худалдах үйл ажиллагааг;

2.1.3.“Худалдааны газар” гэж худалдаа хийх зориулалттай стандартын шаардлага хангасан суурин байгууламжийг;

 

2.1.4.“Худалдаа эрхлэгч” гэж зохион байгуулалтын хэлбэрээсээ үл хамааран зах зээлд бараа үйлчилгээг тогтвортой эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэнийг;

2.1.5.“Худалдагч” гэж худалдаа эрхлэгчийн бараа, үйлчилгээг хэрэглэгчид гардан хүргэх үйл ажиллагааг;

2.1.6.“Хоолны газар” гэж хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг объектыг;

2.1.7.“Хоолны газрын үйлдвэрлэл” гэж шаардлага хангасан байранд зориулалтын тоног төхөөрөмж, чанарын баталгаатай түүхий эд, материал ашиглан, зөвшөөрөгдсөн жор технологиор, мэргэжлийн ажилчдад тулгуурлан хэрэглээний шаардлага хангахуйц чанартай хоол, унд үйлдвэрлэх үйл ажиллагааг;

2.1.8.“Хоолны газрын үйлчилгээ” гэж хэрэглэгчийн хоол, үйлчилгээний хэрэгцээг хангахад чиглэсэн үйл ажиллагааг; 

Гурав.Үйлчилгээний төрөл, хэлбэр

3.1. Худалдаа үйлчилгээний хэлбэр:

3.1.1.Бөөний худалдааны төв;

3.1.2.Худалдааны төв /зах/;

3.1.3.Төрөлжсөн хүнсний барааны дэлгүүр: өдөр тутмын эрэлттэй хүнсний барааны дэлгүүр, нэрийн барааны дэлгүүр гэх мэт;

3.1.4.Төрөлжсөн хүнсний биш барааны дэлгүүр: мебель, тавилгын, цахилгаан барааны, барилгын материалын, автотехникийн, гутлын гэх мэт;

3.1.5.Нарийн төрөлжсөн хүнсний барааны дэлгүүр: махны, сүүний, цагаан идээний, ногооны, жимсний, талх нарийн боовны гэх мэт;

3.1.6.Нарийн төрөлжсөн хүнсний биш барааны дэлгүүр: үнэт эдлэлийн, хүүхдийн хувцасны, спорт хэрэглэлийн гэх мэт;

3.2.Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлбэр:

3.2.1.Зоогийн газар /зочид буудал болон жуулчны баазын дэргэдэх/;

3.2.2.Баар /диско, биллъярд, караоке, бусад/;

3.2.3.Кафе;

3.2.4.Цайны газар /байгууллагын дэргэдэх/;

3.2.5.Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газрууд;

3.2.6.Явуулын түргэн хоолны үйлчилгээ;

3.3.Ахуйн үйлчилгээний хэлбэр:

3.3.1.Үсчин, гоо сайхны үйлчилгээ;

3.3.2.Хувцас засвар, захиалга;

3.3.3.Гутал засвар, захиалга;

3.3.4.Хими цэвэрлэгээ, угаалга;

3.3.5.Гэр ахуйн модон эдлэл засвар, захиалга;

3.3.6.Ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар;

3.3.7.Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга засвар;

3.3.8.Цоож засварлах, түлхүүр олшруулах;

3.3.9.Цүнх захиалга, засвар;

3.3.10.Гэрэл зураг авах, угаах үйлчилгээ;

3.3.11.Нийтийн халуун ус;

3.3.12.Гэр цэвэрлэх,;

3.3.13.Айл нүүлгэх үйлчилгээ;

3.4.Авто үйлчилгээний хэлбэр:

3.4.1.Автотехникийн засвар үйлчилгээ;

3.4.2.Авто машин угаалга;

3.4.3.Авто машин зогсоол;

3.4.4.Тос, тосолгооны материалын худалдаа;

3.5.Бусад /гудамжны жижиг худалдаа/

3.5.1.Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ, павильон/;

3.5.2.Сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ /улирлын чанартай/;

3.5.3.Сайн өдрийн зах, худалдаа

3.5.4.Бусад жижиг худалдаа /жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, түлээ нүүрс, бусад/;

 

            Дөрөв.Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн нийтлэг чиг үүрэг

 

            4.1.Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, стандарт, нийслэлийн нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийг чанд биелүүлнэ.

 

            4.2.Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид шинээр үйл ажиллагаа эхлэхдээ тухайн нутаг дэвсгэрийн иргэдээс санал авч, иргэдийн оролцоог дэмжин ажиллана.

 

            4.3.Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нь ажлын байрны нөхцөл, аюулгүй байдал, тухайн үйлчилгээний стандартын шаардлагыг хангасан талаар эрх бүхий байгууллагаас хуулийн хүрээнд дүгнэлт гаргуулж, Дүүргийн Засаг даргын дэргэдэх “Зөвлөл” –тэй үйл ажиллагааны гэрээ байгуулан, худалдаа, үйлчилгээний мэдээллийн санд бүртгүүлсний дараа худалдаа, үйлчилгээ эрхэлж, холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу үйл ажиллагаа явуулна.

 

            4.4.Иргэдэд үзүүлж буй ажил үйлчилгээ нь үйлчилгээний зэрэглэлтэй байж болох ба зэрэглэлийг стандартаар тогтооно.

 

            4.5.Болзошгүй гамшиг болон газар хөдлөлт, онцгой байдлын үед Нийслэлийн хүн амыг хоол хүнсээр хангах, хүнсний бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэхэд худалдаа, үйлчилгээний газрууд тухайн дүүргийн Засаг даргын дэргэдэх “Зөвлөл”-тэй байгуулсан гэрээний дагуу хүлээсэн үүргээ ханган биелүүлнэ.

 

4.6.Аж ахуйн нэгжүүд нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагад дотоод хяналтыг зохион байгуулах нийтлэг журам”-д нийцүүлэн дотоодын хяналтыг тавьж хэрэгжүүлэх дотоод хяналтын нэгж, ажилтантай байна.

 

             4.7.Худалдаа, үйлчилгээний газар нь гадна болон дотоод орчны аюулгүй байдлыг хангах хяналтын сүлжээнд холбогдон, дүүргийн Цагдаагийн хэлтэстэй гэрээ байгуулж, гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллана.

 

            4.8.Худалдаа, үйлчилгээний газрууд нь тухайн Хорооны Засаг даргатай “Тохижилт-цэвэрлэгээний гэрээ” байгуулж, НИТХ–ын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган, орчны тохижилт цэцэрлэгжүүлэлтэнд анхаарч  ажиллана. /2012 оны 61 тоот тогтоолоор өөрчлөлт оруулсан/

 

            4.9.Худалдаа, үйлчилгээний гадна хаяг нь хотын өнгө төрх, дизайны шийдэлд нийцсэн гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлтэй, стандартын шаардлагад нийцсэн агуулга бүхий хаяг цагийн хуваарийг монгол хэл дээр,  кирилл үсгээр  бичиж, ил тод харагдахуйц газар байршуулсан байна. /”Хуулийн этгээдийн нэр, бараа, ажил үйлчилгээний нэр, нэрийн байгууламжийг байрлуулах, буулгах, ашиглахад дагаж мөрдөх журам” болон “Хаягжилтын журам” ыг баримтлана/

 

            4.10.Худалдаа, үйлчилгээний газрын ажиллагсад нь ажлын онцлогт нийцсэн дүрэмт хувцас өмсөх ба ажилтаны овог, нэр, ажлын ур чадварын зэрэг дэвийг тодорхойлж бичсэн энгэрийн тэмдэг зүүх бөгөөд шаардлагатай ажлын байранд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан байна.

 

            4.11.Цахилгаан техникийн бараа, гэрэл зургийн хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, тавилга, цаг үнэт эдлэл зэрэг баталгаат засварын үйлчилгээ шаарддаг барааг худалдаалдаг гэзрууд нь баталгаат засварын үйлчилгээний дагалдах хуудас болон тооцооны чекийг барааны хамт хэрэглэгчдэд дагалдуулж өгч байх үүрэгтэй.

 

            4.12.Худалдаа, үйлчилгээний газрууд нь салбарт мөрдөгдөж  байгаа хууль эрх зүйн болон нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмын талаар байгууллагын ажилтнуудад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч сургалтыг жилд 1-2 удаа зохион байгуулна.

 

            4.13.Худалдаа, үйлчилгээний газрууд нь зах зээлийн судалгааг тогтмол хийж нэгтгэн дүгнэж, үйлчлүүлэгчдийн эрэлт хүсэлтийг цаг тухайд нь барагдуулж, бүтээлчээр сэтгэж, үйлчилгээний шинэ дэвшилтэт чиг хандлагад нийцэж ажиллана.

 

            4.14.Худалдаа, үйлчилгээний газрууд нь иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, зөвлөгөө өгдөг, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх ажилтантай байх ба ажилтны нэр, холбоо барих утсыг ил тод байршуулсан байна.

 

            4.15.Худалдаа, үйлчилгээний газар нь үйлчилгээний бүс, байршил, ажил үйлчилгээний онцлог, худалдаалж буй барааны нэр төрөл, чанарын талаархи зар сурталчилгааг мэдээллийн төрөл бүрийн хэрэгсэл ашиглан хэрэглэгчдэд хүргэж ажиллана. /мэдээллийн сайт, үзэсгэлэн, танилцуулга, зурагт хуудас, зар сурталчилгааны самбар гэх мэт/

 

4.16.Аж ахуйн нэгж байгууллагууд нь бараа ажил, үйлчилгээнийхээ зар сурталчилгааг Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, барилга байгууламж, обьектод  байрлуулахдаа НИТХ-ын 2013 оны 3/32 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг баримтлан Улаанбаатар хотын гадна зар сурталчилгааны “Зөвлөл”-өөс батлан гаргасан тусгай шаардлагын дагуу байрлуулна.

            4.17.Худалдаа, үйлчилгээний газрууд нь стандартын нийлэг уут болон цаасан, даавуун уут саванд барааг боож, савлаж үйлчилнэ.

 

            4.18.Худалдаа, үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн бие засах газраар /ариун цэврийн өрөө/ иргэд, үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

 

            4.19.Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана./Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 09 сарын 26 –ны өдрийн №107 тоот тушаалаар батлагдсан/

Тав.Тусгайлан хүлээх үүрэг

5.1.Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ

5.1.1.Бөөний худалдааны төв нь  жижиглэн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдэд  бараа бүтээгдэхүүнийг олон тоогоор багцалж, бөөнөөр худалдаалах үйлчилгээ явуулна. Бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчдад нийлүүлэхдээ уг барааны чанар, аюулгүй байдал, баталгаажилтын шаардлага хангасан тухай Мэргэжлийн байгууллагаас олгосон дүгнэлт, сертификатыг шаардлагатай тоо хэмжээгээр дагалдуулж өгнө.

5.1.2.Батлагдсан зураг төслийн дагуу баригдсан нэгдсэн зориулалтын агуулах бүхий ажлын байранд худалдааны танхимыг худалдаа үйлчилгээний технологийн дагуу тохижуулж худалдааны төвийг ажиллуулна. Төв нь худалдан авагчдад зориулсан чөлөөт талбайтай байх /лангуу хооронд 2 м байх/, лангууг бүтээгдэхүүний нэр төрлөөр төрөлжүүлсэн байна.

5.1.3.Хүнсний худалдааны төв /зах/ нь  дотоодын хяналт тавих журамтай,  итгэмжлэгдсэн лабораторитой, түүнийг хэрэгжүүлж, хяналт тавих мэргэжлийн ажилтантай байна. Худалдааны төвийн мэргэшсэн ажилтан /эрүүл ахуйч, худалдааны менежер, зохион байгуулагч, малын эмч, эрх зүйч мэргэжилтэн гм/ 100 ажлын байр тутамд 1-2 орон тоотой байна.

5.1.4.Зах худалдааны төвийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөгдсөн газарт байгуулна.

            5.1.5.Хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг импортлогч, борлуулагч нь аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж худалдаална.

5.1.6.Худалдаа, үйлчилгээний байгууллагууд нь кассын машин болон холбогдох тоног төхөөрөмжийг байрлуулах, бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчдад савлаж, боодолтой өгөх ба үйлчилгээний талоныг дагалдуулна.

5.1.7.Хэрэглэгчдэд зориулан хяналтын баталгаат жин хэмжүүр ажиллуулах, худалдан авсан бараа бүтээгдэхүүний жинг нягтлан үзэх боломжтой тухай зөвлөмжийг харагдахуйц байрлалд бичиж тавьсан байна.

5.1.8.Тухайн нутаг дэвсгэрт сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ /жимс, жимсгэнэ, төмс хүнсний ногоо, зайрмаг, квас, ус ундаа, зориулалтын төхөөрөмж бүхий түргэн хоолны цэг гэх мэт/ -г орчны болон үйлчилгээний эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд, эрхлэх ажлын байрны тоо, байршлыг  дүүргийн Засаг даргын дэргэдэх “Зөвлөл” тогтооно. Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь зохих журмын дагуу тогтоосон тарифыг үндэслэн төлбөр төлж, гэрээ байгуулж ажиллана.

5.1.9.Сүүдрэвчтэй худалдаа эрхлэх байршил нь нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний гарц, авто зогсоолоос 50 метр зайнд зориулалтаар тохижуулсан орчны болон үйлчилгээний эрүүл ахуйн шаардлага хангасан, бараа бүтээгдэхүүнийг хадгалах шаардлага хангасан төхөөрөмж бүхий, шинжилгээний бичигтэй хүнсний бараа бүтээгдэхүүнийг худалдах, худалдаа эрхлэгч иргэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд  хамрагдсан байна.

5.1.10.Хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид нь хоолны орц, норм, технологи ажиллагааг  чанд мөрдөн ажиллана. /хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ үзүүлж буй газрууд хоолны цэсэнд тухайн хоолыг үйлдэрлэхэд орж буй бүтээгдэхүүний орц найрлагыг бүрэн бичиж мэдээлдэг байх/

5.1.11.Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын өрөө тасалгаа нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогт тохирсон технологийн зөв зохион байгуулалттай байна.

5.1.12.Олон улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа дараах зөвлөмжүүдийг хоолны газрын ажиллагсдад зориулан харагдахуйц байрлалд бичиж тавьсан байна.

А.Гар угаах санамж
Б.Хүнсний бараа бүтээгдэхүүн хадгалах нөхцөл
В. Аюулгүй ажиллагааны санамж

5.1.13.Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хийн баллон бүхий тоног төхөөрөмжийн угсралт хийх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр холбогдох дүрэм, журмын шаардлагад нийцсэн байршилд суурилуулж, тоног төхөөрөмжийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалт, аюулгүй ажиллагааг хангасан тухай Галын аюулгүй байдлын дүгнэлтийг холбогдох мэргэжлийн байгууллагаар гаргуулж, аюулгүй ажиллагааг бүрэн ханган ажиллана.

5.1.14.Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар, мах махан бүтээгдэхүүн, хиамны үйлдвэр /“Бохир усан дахь өөх, тос баригч төхөөрөмж, техникийн ерөнхий шаардлага” MNS 5975:2009/ стандартын шаардлага хангасан өөх, тос баригчийг тавьсан байна.

5.1.15.Ууц өвчүү, мах чанах, айраг худалдах үйлчилгээг зориулалтын гал тогоо бүхий нийтийн хоолны газруудад явуулна.

5.1.16.Сүү, сүүн бүтээгдэхүүний худалдаа эрхлэгчид нь бараа бүтээгдэхүүндээ гарал үүслийн гэрчилгээ авч, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан хүнсний дэлгүүрүүдтэй гэрээ байгуулж, зөвшөөрөгдсөн цэгүүдээр худалдаална.

5.1.17.Мал амьтны гаралтай түүхий эдийг зориулалтын төрөлжсөн зах, биржид худалдаална.

5.1.18.Барилгын засал чимэглэлийн хэрэгслээс бусад барилгын материал, элс, хайрга, цемент, шохой худалдах үйлчилгээг  хотын төвөөс гадна зориулалтаар тохижуулсан байршилд дүүргийн  Засаг даргын шийдвэрээр эрхэлнэ.

5.1.19.Мод, түлээ, нүүрсний худалдааг дүүргээс зөвшөөрөгдсөн цэгт Дүүргийн Засаг даргын дэргэдэх “Зөвлөл” –тэй үйл ажиллагааны гэрээ байгуулан ажиллуулна.

5.1.20.Худалдаа, үйлчилгээний газрууд нь архи, шар айраг, ундаа, рашаан, даршилсан ногоо, жимсний чанамал зэрэг шилэн савалгаатай бүтээгдэхүүний шилийг цуглуулан үйлдвэрүүдэд дамжуулан эргэлтэнд оруулах ажлыг зохион байгуулж ажиллана.  

5.1.21.Хүнсний бус бараа бүтээгдэхүүн худалдаалах зориулалттай худалдаа, үйлчилгээний газруудад холбогдох дүрэм, журмын шаардлагад нийцсэн байршилд шатдаг хий импортлох зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээс шингэрүүлсэн шатдаг хий, хийн тоног төхөөрөмж худалдаалах төрөлжсөн тасгийг ажиллуулж, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулна. Шингэрүүлсэн шатдаг хий, хийн тоног төхөөрөмжийг худалдан авагчдад уг бараа бүтээгдэхүүний ашиглалт, аюулгүй ажиллагааны талаарх санамж, зааварчилгааг дагалдуулж өгнө.

5.1.22.Шингэрүүлсэн шатдаг хийтэй баллоныг хүлээж авахдаа хэрэглэгчийн дэвтэрт түүний дугаар, ашиглалтын хугацаа, баталгаат жин, олгосон огноог тогтмол тэмдэглэнэ.

5.2.Ахуйн үйлчилгээ

5.2.1.Ахуйн үйлчилгээ эрхлэгч нь үзүүлж байгаа ажил, үйлчилгээний жагсаалт, тэдгээрийг гүйцэтгэх хугацаа, баталгаат хугацаа, үнэ, төлбөр төлөх журам, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ /цаашид “гэрээ” гэнэ/-ний загвар  эцсийн бүтээгдэхүүний загвар, загварын зураг бүхий альбом, сэтгүүл, ажил, үйлчилгээнд үзүүлэх хөнгөлөлтийн жагсаалт, хөнгөлөлт үзүүлэх үйлчлүүлэгчийн төрөл, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллагын орон нутгийн салбарын хаяг, утас, үйл ажиллагааны аль нэг төрөлд тусгай зөвшөөрөл олгогдсон бол түүний дугаар, хүчинтэй байх хугацаа, олгосон байгууллага зэргийг үйлчлүүлэгчдэд ил тод мэдээллэнэ.  

5.2.2.Ахуйн үйлчилгээ эрхлэгч нь үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоох тохиолдолд үйлчилгээгээ зогсоох, үргэлжлэх, эхлэх хугацааг үйлчлүүлэгчдэд тодорхой мэдээллэнэ.

5.2.3.Ахуйн үйлчилгээ эрхлэгч нь тогтсон байршлаасаа шилжиж өөр байршилд /түр байршил, явуулын үйлчилгээ, хөдөлгөөнт хүлээн авах цэг гэх мэт/ ажил, үйлчилгээ үзүүлэх тохиолдолд байгууллагынхаа болон үзүүлж байгаа ажил үйлчилгээнийхээ талаар тодорхой мэдээллийг ойлгомжтой, олж авч болохуйц хэлбэрээр, тухай бүрд нь үйлчлүүлэгчдэд хүргэнэ.

5.2.4.Ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ нь захиалгын хуудас буюу тасалбар хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд түүнд байгууллагын нэр, байршил, улсын бүртгэлийн регистрийн дугаар, үйлчилгээний төрөл, үнэ, ашиглах эд, материал нь гүйцэтгэгчийнх эсвэл үйлчлүүлэгчийнх аль нь болох, төлбөрийг бүрэн эсвэл урьдчилгаа төлсөн эсэх, захиалгыг хүлээн авсан, олгох болон баталгаат хугацаа, захиалга хүлээн авсан хүний албан тушаал, нэр, гарын үсэг, захиалга өгсөн хүний гарын үсэг зэргийг тодорхой тэмдэглэнэ.  

5.2.5.Үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр төлбөртэй нэмэлт ажил, үйлчилгээ хийсэн тохиолдолд үйлчлүүлэгч нэмэлт төлбөрийг төлөхөөс татгалзах эрхтэй.

            5.2.6.Ажил, үйлчилгээнд хэрэглэж байгаа эд, материалын онцлог чанарыг мэдэхгүйгээс учруулсан хохирлыг гүйцэтгэгч бүрэн хариуцна.  

5.2.7.Ажил, үйлчилгээнд үйлчлүүлэгчийн хувийн материал, эд зүйлсийг хэрэглэх тохиолдолд түүний хадгалалт, ашиглалтыг гүйцэтгэгч бүрэн хариуцна. Ажил, үйлчилгээ бүрэн дууссаны дараа үйлчлүүлэгчид материалын зарцуулалтын талаар тайлагнаж үлдэгдэл материалыг өгөх буюу эсвэл үйлчлүүлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр ашиглаагүй үлдсэн материалын үнийг нийт төлбөрөөс хасаж хямдруулж тооцно.

5.2.8.Үйлчлүүлэгч нь гэрээнд заасан хугацаанд, захиалгат ажил, үйлчилгээний явц, үр дүнг гүйцэтгэгчийн оролцоотойгоор үзэх үүрэгтэй бөгөөд эцсийн үр дүнд муугаар нөлөөлөх буюу гэрээг зөрчсөн үйлдэл илэрсэн даруй гүйцэтгэгчид мэдэгдэж, уг зөрчлийн талаар акт эсвэл захиалгын бусад баримт бичигт тэмдэглэнэ.

5.2.9.Үйлчлүүлэгч ажил, үйлчилгээг хүлээн авсны дараа, захиалгат ажил, үйлчилгээг хүлээн авах үед ердийн аргаар илрүүлэх боломжгүй, гэрээг зөрчсөн, гүйцэтгэгч санаатайгаар нуун далдалсан зөрчлийг мэдсэн тохиолдолд энэ тухай нэн даруй гүйцэтгэгчид мэдэгдэнэ.

 5.2.10.Захиалга гутал нь үйлчлүүлэгчийн зураглал эсвэл загварын зураг бүхий цомог, сэтгүүл болон бэлэн загварын дагуу хийгдэнэ. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр, гэрээнд тэмдэглэсний дагуу өсгийн загвар, тоноглол, өнгөний хоршил, материал зэргийг өөрчилж болно. Захиалгыг гүйцэтгэгчийн материалаар хийх тохиолдолд зөвхөн гүйцэтгэгчид бэлэн байгаа материалын загвараас сонголт хийнэ.

5.2.11.Зөөлөн оёдлын болон үслэг, арьсан, нэхмэл, сүлжмэл эдлэл, малгай захиалга, засвар нь үйлчлүүлэгчийн зураглал эсвэл загварын зураг бүхий цомог, сэтгүүл болон бэлэн загварын дагуу хийгдэнэ. Амьтны гаралтай үслэг материалаар бүтээгдэхүүн хийх, засварлах тохиолдолд арьс болон хагас бэлэн бүтээгдэхүүнийг хоёр тал хамт үзэж шалган тэмдэглэнэ.

5.2.12.Хими цэвэрлэгээнд бүтээгдэхүүн хүлээн авахдаа гэрээнд бүтээгдэхүүний нэр, өнгө, материалын бүтэц, иж бүрдэл, тоноглол, хими цэвэрлэгээний үед арилах боломжгүй бохирдол, толбо, үйлчлүүлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр нэмж үзүүлэх төлбөрт үйлчилгээ зэргийг тодорхой тэмдэглэнэ.

5.2.13.Ахуйн үйлчилгээ эрхлэгч нь бүтээгдэхүүний худалдааны туузан дээрхи арчилгааны тэмдэглэгээнүүдтэй нийцүүлэн, хэрэв ийм тууз байхгүй бол үйлчлүүлэгчтэй тохиролцон ажилбарын төрлийг тодорхойлох ба цэвэрлэгээний явцад эвдэрч болзошгүй тоноглолыг ханзлан авч, салдаг эд ангиудыг бүтээгдэхүүнд бөхөлж оёно.

5.2.14.Үйлчлүүлэгч нь хими цэвэрлэгээгээр цэвэрлүүлсэн бүтээгдэхүүнээ хүлээн авахдаа, хэлбэр, оруулга, бүрэн бүтэн байдал, хэмжээ, өнгө, зураг зэрэг нь цэвэрлэгээнд өгөхийн өмнөх байдлаа хадгалж байгаа эсэхийг нарийн шалгаж авна.

5.2.15.Ахуйн үйлчилгээ эрхлэгч нь засварласан ахуйн электрон. цахилгаан хэрэгслийг үйлчлүүлэгчид буцааж олгохдоо бүрэн ажиллагаатай эсэхийг нь шалгаж, ажиллуулж үзүүлнэ. Засварлуулсан хэрэгслийн залгах, салгах үйлдэл нь гацахгүй, хөнгөн хялбар хийгдэх ба цахилгаанаар ажилладаг хэрэгслийн цахилгаан тусгаарлагчийн эсэргүүцлийн зайлшгүй байх хэмжээг заавал шалгана.

5.2.16.Гэр ахуйн модон эдлэлийг засварлах, захиалгаар хийлгэх үед үйлчлүүлэгч өөрийн хийсэн зураглалыг санал болгох эсвэл гүйцэтгэгчийн загварыг ашиглах эрхтэй ба хүлээн авахдаа үйлчлүүлэгч нь бүтээгдэхүүний бүтээц, хэмжээ, гадаад байдал, өнгөлгөө, засал чимэглэл нь гэрээний үед зөвшилцсөн зураглалтай тохирч байгаа эсэхийг шалгана.

5.2.17.Үнэт чулуу, металлаар гоёлын эд зүйл хийх засварлах гэрээнд ажлын тайлбар, үнэт чулууны хэлбэр, хэмжээ, хүндийн жин, өнгө, гэмтлийг бичиж, үйлчлүүлэгчийн гарын үсэг бүхий эскизийг хавсаргана.

5.2.18.Ахуйн үйлчилгээ эрхлэгч нь үйлчлүүлэгчийн хувийн үнэт металлаар гоёлын  эд зүйл хийх, засварлах ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд сорьцийг нь эрх бүхий байгууллагаар тодорхойлуулж эцсийн бүтээгдэхүүн дээр тавьсан байна. Мөн үнэт металлаар бүтээгдэхүүн хийх үед гүйцэтгэгч нь өөрийн тэмдэг, дардсыг бүтээгдэхүүн дээр тавина.

5.2.19.Ахуйн үйлчилгээ эрхлэгч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг дутуу хийсэн тохиолдолд ямар нэгэн төлбөргүйгээр дутуу ажлыг гүйцээж хийх, хийгээгүй ажлын хэмжээгээр үнийг бууруулах, ажил, үйлчилгээг ижил чанартай, ижил төрлийн материалаар төлбөргүйгээр нөхөж хийх /энэ тохиолдолд үйлчлүүлэгч эхний бүтээгдэхүүнийг гүйцэтгэгчид эргүүлж өгөх үүрэгтэй / шаардлагыг үйлчлүүлэгч тавих эрхтэй.

5.3.Авто засвар, машин угаалга, тос тосолгооны материалын худалдаа

5.3.1.Авто засвар, машин угаалга, шатах тослох материал, автомашин болон түүний сэлбэг хэрэгслийг худалдаалах иргэн, аж ахуйн нэгжүүд өөрийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, стандарт, нийслэлийн нутаг дэвсгэрт нийтээрээ дагаж мөрдөх дүрэм, журам, төр захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас гаргасан шийдвэрийг чанд биелүүлж, хотын байгаль орчин, тохижилт, соёлжилтод онцгой анхаарч,  ажиллана.

 

5.3.2.Ажлын байрандаа холбогдох эрх бүхий мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт, шинжилгээ хийлгэн баталгаажуулж тухайн дүүргийн ЗДТГ –ын дэргэдэх “Зөвлөл” –ийн даргатай гэрээ байгуулан ажиллана. 

                                                               

5.3.3.Авто үйлчилгээний барилга байгууламжийн агааржуулалт, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байхаас гадна мэргэжлийн байгууллагаар шалгуулж, баталгаажуулсан байна

5.3.4.Авто машиныг угаах ажил үйлчилгээнээс гарч байгаа бохир усыг тунгааж, цэвэрлэж зайлуулах /нефьтийн бүтээгдэхүүн болон бусад хорт бодисоор бохирдсон усыг татуургын системд оруулахдаа зориулалтын шүүлтүүр бүхий төхөөрөмжөөр цэвэрлэнэ/ тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон байна.

5.3.5.Авто үйчилгээний газар нь технологийн карт болон ажил үйлчилгээнд үндэслэлтэй тогтоосон үнийн тарифыг ил тод нийтэд харагдахуйц газарт байрлуулсан байна

5.3.6.Авто сэлбэг, засвар, худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь үйлчлүүлэгчид үзүүлсэн ажил үйлчилгээндээ тохирсон хугацаанд баталгаа гаргадаг байна.

5.3.7.Авто зогсоолын үйлчилгээ эрхлэгч нь галын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, аюул тохиолдсон үед авран хамгаалах, галын дохиолол, гал унтраах материал, багаж техник хэрэгслээр хангагдсан байна.

5.3.8.Авто зогсоолд тээврийн хэрэгслийг байрлуулахдаа заавал бүртгэл хөтөлж ажил хүлээлцэнэ.

Зургаа.Хориглох заалт

6.1.Хадгалах хугацаа дууссан, чанарын баталгаагүй бараа бүтээгдэхүүн худалдаалахыг хориглоно.

6.2.Худалдаа, үйлчилгээний газруудад зориулалтын бус лангуугаар төрөл бүрийн салат, хадгалалтын хугацаа богино, түргэн гэмтэж муудах хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдаалахыг хориглоно./хуушуур, пирошки, торт, гэх мэт бусад/

6.3.Дүүргээс зөвшөөрөгдсөн цэгээс бусад нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай хүнсний болон барааны худалдаа /жимс, ногоо, шорлог, төрөл бүрийн машинт болон чингэлгийн худалдаа, бусад/ эрхлэхийг хориглоно.

6.4.Худалдааны газруудад кассын дэргэд тамхи худалдахыг хориглоно.

6.5.Худалдааны газарт тамхины төрөл бүрийн урамшуулалт худалдаа зохион байгуулахыг хориглоно.

6.6.Хүнсний дэлгүүр, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний танхимд төлбөртэй тоглоом, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, эмийн сан  /хүнсний дэлгүүрээс дээш ангилалд хамаарахгүй/, кино прокатын үйлчилгээ, хими цэвэрлэгээ, фото зураг угааж боловсруулах, хувцас захиалга, засвар,  түлхүүр олшруулах чиглэлээр  талбай түрээслэх, зуух пийшин байрлуулан галлахыг хориглоно.

6.7.Төвийн бүсэд түлш, мод, нүүрсийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон хүнсний худалдаа эрхэлдэг зааланд худалдаалахыг хориглоно.

6.8.Стандарт эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй, цэвэр бохир усны төвлөрсөн болон хэсгийн холболтонд холбогдоогүй, ханан пийшингээр галладаг байранд,   хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл явуулахыг хориглоно.

6.9.Нийтийн эзэмшлийн орон сууцны нэг болон суурийн давхарт диско, караоке, билльярд, баар  зэрэг иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах ажил үйлчилгээ шинээр нээж ажиллуулахыг хориглоно.

6.10.Үйлчилгээний стандартгүй ажил, үйлчилгээ эрхлэхийг хориглоно.

6.11.Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зориулалтын бус ажлын байранд айраг худалдаалах,  ууц, өвчүү, мах чанах зэрэг нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээ  явуулахыг хориглоно.

6.12.Сүү, сүүн бүтээгдэхүүн болон түүхий мах, махан бүтээгдэхүүнийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай худалдаалахыг хориглоно.

6.13.Нийтийн зориулалттай орон сууцанд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, чанар аюулгүй байдлын норм зөрчсөн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно.
            Үүнд:
            а.химийн хорт бодистой харьцах
            б.хурц үнэртэй, тэсэрч дэлбэрэх, галд амархан шатдаг материал  хадгалах,

   худалдах
            в.арьс шир, түүхий эд хүлээн авах, хадгалах, худалдах
           г.комиссын худалдаа,  хими, цэвэрлэгээ, саун, халуун ус, угаалгын газар, алт

   мөнгөний   дархны үйлчилгээ
            д.хуушуур, пирошки, боорцог хайрах үйлчилгээ

е.хаяг, хэвлэл, реклам чимэглэлийн үйлдвэр

6.14.Барилгын суурийн давхарт шингэрүүлсэн шатдаг хий, хийн тоног төхөөрөмж суурилуулах, тэдгээрийг ашиглах, хадгалах, худалдаалахыг хориглоно.

6.15.Жижиглэнгээр савласан шингэрүүлсэн шатдаг хий, хийн тоног төхөөрөмжийг хүнсний бараа бүтээгдэхүүнтэй хамт хадгалах, худалдаалахыг хориглоно.

6.16.Хийгээр хангагч аж ахуйн нэгжүүд хэрэглэгч нартай гэрээ хийсэн байх ба ашиглалтын шаардлага хангахгүй хийн баллон, тоног төхөөрөмжөөр хангахыг хориглоно.

6.17.Гадна орчны тохижилт гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл, авто машины зогсоол, инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй газруудад Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргахыг хориглоно.

6.18.Хоёрдогч түүхий эд хүлээн авах үйлчилгээг орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн  талбай, явган хүний гарц болон гэр хорооллын айлуудын дунд, мөн төмөр граж, контейнер, ТҮЦ, орон сууцны хонгил, подвалд явуулахыг хориглоно.

6.19.Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд ил задгай автомашиныг угаах, засварлах, хийн болон цахилгаан гагнуур хийх, шатах тослох материалын худалдаа үйлчилгээ эрхлэхийг хориглоно.

Долоо.Удирдлага, зохион байгуулалт

 

7.1.Журмыг хэрэгжүүлэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газар харъяа дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл” /цаашид “Зөвлөл” гэх/ удирдан зохион байгуулна.

 

7.2.“Зөвлөл”–ийн дарга нь дүүргийн тухайн асуудал хариуцсан Засаг даргын орлогч байх бөгөөд зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүн, ажил үүргийн хуваарийг дүүргийн Засаг дарга батална.

 

7.2.1.Дүүргийн “Зөвлөл” нь дараах байгууллагуудын төлөөллөөс бүрдэнэ.

 

a)    Дүүргийн ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс

b)    Дүүргийн ЗДТГ –ын Худалдаа, үйлчилгээний хэлтэс

c)    Дүүргийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэс

d)    Өмч, газрын харилцааны алба

e)    Гэр хороолол дахь Захирагчийн ажлын алба

f)     Цагдаагийн хэлтэс

g)    Замын цагдаагийн хэлтэс

h)    Мэргэжлийн хяналтын хэлтэс

i)     Хороодын Засаг дарга нар

j)      Төрийн бус байгууллагууд болон иргэдийн оролцооны байгууллагууд

 

            7.3.“Зөвлөл”-ийн гаргасан санал дүгнэлт, чиг үүргийн дагуу Дүүргийн Засаг дарга шийдвэр гаргана                                                     

Найм.Худалдаа, үйлчилгээний талаар шийдвэр гаргах төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

8.1.Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны чиг үүрэг

            8.1.1.Нийслэлийн худалдаа, үйлчилгээний талаархи ерөнхий бодлогыг тодорхойлж, шинээр гарсан хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

            8.1.2.Дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл” –ийг чиг үүргээр ханган, хяналт тавин ажиллана.

            8.1.3.Согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж нь нийгмийн өмнө хүлээх үүрэг харуицлагаа ухамсарлан, иргэдийн эрх ашигт нийцсэн ахуйн үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл гэх мэт бусад чиглэлээр үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилсөн тохиолдолд төрийн байгууллагын зүгээс  дэмжлэг үзүүлнэ. 

8.1.4.Худалдаа, үйлчилгээний байгууллагууд нь үйл ажиллагаа, мэргэжлийн чиглэлээр хоршин нэгдсэн зохион байгуулалтын дэвшилтэт хэлбэр, шинэ үйлчилгээ, техник технологи, инноваци нэвтрүүлсэн тохиолдолд зохих хууль тогтоомж, журмын дагуу санхүүгийн /хөнгөлөлттэй зээлд хамруулах, үзэсгэлэн худалдаанд төлбөргүй оролцуулах, хэвлэл мэдээллээр үнэ төлбөргүй сурталчлах, шагнал урамшуулалд тодорхойлох гэх мэт/ болон бусад төрлийн дэмжлэг үзүүлнэ.

 

            8.1.5.Энэхүү журмын хэрэгжилтэнд хяналт тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан үзлэг, шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгуулах шаардлагыг  дүүргийн Засаг даргын дэргэдэх “Зөвлөл”-д тавина.

           8.2.Дүүргийн Засаг даргын дэргэдэх “Зөвлөл” -ийн чиг үүрэг

8.2.1.“Зөвлөл” –ийн дарга дүүргийн нутаг дэвсгэрт Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй бүх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй үйл ажиллагаа эрхлэх гэрээ байгуулна.

            8.2.2.Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний газруудын нэгдсэн мэдээллийн санг бий болгож, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулна.

 

8.2.3.Шинээр батлагдан гарсан хууль тогтоомж, дүрэм журам, Удирдах дээд байгууллагаас гаргасан тушаал, захирамж шийдвэрийг цаг хугацаанд нь зохион байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллана.

8.2.4.Тухайн нутаг дэвсгэрт сүүдрэвчтэй болон жижиг худалдаа, үйлчилгээ /ТҮЦ, жимс, жимсгэнэ, төмс хүнсний ногоо, зайрмаг, квас, ус ундаа, зориулалтын төхөөрөмж бүхий түргэн хоолны цэг гэх мэт бусад жижиг худалдаа, үйлчилгээ/ эрхлэх ажлын байрны тоо, байршил, үнэ тарифийг тогтооно.

8.2.5.Тухайн нутаг дэвсгэрт “Сайн өдрийн зах” -ыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан зураг төслийн дагуу байгуулж, худалдаа, үйлчилгээ эрхлэх ажлын байрны тоо, байршилыг тогтоож, шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлагыг батална.

8.2.6.Сүүдрэвчтэй болон жижиг худалдаа, үйлчилгээний ангилал, төрөл, тоо хэмжээ,  хийц, өнгө үзэмж, аюулгүй байдалд тавигдах тусгай шаардлагыг батална.

8.2.7.Тогтоосон байршил тоо хэмжээгээр худалдаа, үйлчилгээ явуулах, журамлах ажлыг зохион байгуулах

8.2.8.Мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг шалгалтыг явуулж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах ажлыг зохион байгуулж, журамлана.

            8.2.9.Тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд хяналт тавина.

Ес.Хяналт

9.1.Худалдаа, үйлчилгээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын  газар, Нийслэлийн Цагдаагийн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Зөвлөл” хяналт тавина.

9.2.Худалдаа, үйлчилгээний талаарх мэдээлэл, иргэдийн гомдол саналын дагуу хяналт тавих байгууллагууд олон нийтийн хяналтыг зохион байгуулж шат шатандаа шийдвэрлэн ажиллана.

Арав.Хариуцлага

10.1.Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

10.2.Үйл ажиллагаандаа  үйлчилгээний соёл, зан харьцааны доголдол гаргаж хэрэглэгчийг хохироосон  нь тогтоогдвол   тухайн аж ахуйн нэгжийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр   сурталчилж, сэрэмжлүүлэх арга хэмжээг авна.

10.3.Холбогдох хууль тогтоомж, стандарт, энэхүү журмын заалтуудыг давтан зөрчсөн, иргэдийн  эрх ашгийг ноцтой хохироосон нь тогтоогдсон нөхцөлд  аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагааг  зах зээлд зарлах, бүрэн зогсоох арга хэмжээ авна.

10.4.Үйл ажиллагааг нь бүрмөсөн зогсоосон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн талаар хэвлэл мэдээллээр сурталчлан сэрэмжлүүлнэ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд