Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын Тамгын газар санаачлан “Энгийн дадлаар Эрүүл амьсгалцгаая” уриан дор хэрэгжих “Цэвэр амьсгал” төслийг эхлүүллээ. Энэхүү төслийн зорилго нь Агаарын бохирдлоос үүдэлтэй байж болох өвчлөлөөс иргэдийн мэдлэгийг дэмжих замаар урьдчилан сэргийлэх аргад сургах, эрүүл, зөв, дадал хэвшил төлөвшүүлэхэд оршино. Төслийг дүүргийн Засаг Даргын Тамгын газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, JCI Capital ТББ-тай хамтран хэрэгжүүлэж, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллах юм.   

 

Утаанаас болж жирэмсэн эх болон хүүхдүүд эрүүл мэндээрээ хамгийн ихээр хохирч байна. Дүүргийн иргэдээс авсан судалгаанд иргэдийн тал хувь нь утааны хор уршгаас эрүүл мэндээ хамгаалах аргыг мэдэхгүй, санхүүгийн боломж муу гэсэн хариулт өгсөн бөгөөд агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах гол арга бол утаанаас хамгаалах маск зүүх нь зүйтэй гэдгийг иргэдийн 40 хувь нь хэлсэн байна. Гэтэл амьдралд ойр, санхүүгийн хүндрэл учруулахгүйгээр өөрийн эрүүл мэндээ утааны хор уршгаас хамгаалах олон арга байгаа. Хамгийн энгийн аргаар эрүүл мэндээ хамгаалах дадлыг дүүргийн иргэд, цаашлаад нийслэлийн иргэдэд хэвшүүлэх зорилгоор 3-р сар хүртэл дээрх төслийг хэрэгжүүлэх юм. Утааны хор уршгаас эрүүл мэндээ хамгаалахад төр засаг утаа бууруулахыг хүлээж суух биш иргэд өөрсдийн боломжоороо мэдлэгээ дээшлүүлж урьдчилан сэргийлэх аргад суралцахад “Цэвэр амьсгал” төсөл хувь нэмрээ оруулах юм.

Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн байгууллагууд хамтран ажиллахаа мэдэгдээд байна. Нээлтийн арга хэмжээний үеэр Өэлүн Минж ХХК өөрсдийн үйлдвэрлэдэг маскнаас 6000 ширхэгийг дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хандивлалаа. Сурагчдыг утааны хор уршгаас хамгаалах аяныг 67-р сургуулиас эхлүүлэхээр боллоо. Хамгийн гол нь утаанаас хамгаалах маск зүүх, эрүүл агаарт гарч байх, хүчилтөрөгчийн хэрэглээг нэмэгдүүлэх, тэжээллэг хоол хүнс хэрэглэх гээд олон арга байгааг иргэдэд мэдээлэхэд хамтран ажиллах, санал бодлоо нээлттэй солилцох байгууллага олон байна.

Утааны уршгаас ураг эндэх, бага насны хүүхдийн өвчлөл нэмэгдэх, эхийн эрүүл мэнд муудах гээд болон асуудал гарч байгаа. Тиймээс иргэдийн ухамсарт утаанаас сэргийлэх гэсэн дадал суулгах хэрэгтэй байгаа юм. Энэ мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд эцэг эх, багш, хороодын ажилчид гээд иргэн бүрийн оролцоо чухал үүрэгтэй. Үүний тулд сургуулиуд 7-10 хоног тутамд утааны талаарх сургалт зохион байгуулах, албан байгууллагууд цэвэр агаарт гарах аяныг тогтмол хэрэгжүүлэх, дүүргийн болон хороодын эмнэлгүүд жирэмсэн эхчүүдэд хүчил төрөгчийн коктейл уулгах зэрэг ажлыг 3-р сар хүртэл хэрэгжүүлэх юм.

              

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд