Агаарын бохирдлоос үүдэлтэй байж болох өвчлөлөөс эрүүл мэндээ хамгаалах, иргэдийн мэдлэгийг дэмжих замаар урьдчилан сэргийлэх арга сургах, эрүүл, зөв, дадал хэвшил төлөвшүүлэх зорилгоор хэрэгжиж байгаа “Цэвэр амьсгал” төсөлд СХД-ийн Эрүүл мэндийн нэгдэл хамтран ажиллаж, иргэдийг зөв мэдээллээр хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм.
Өвлийн цагт ханиад томуу, уушигны өвчлөлөөс болж эмнэлэгт хандах иргэдийн тоо нэмэгддэг. Тэгвэл агаарын бохирдлоос энгийн аргаар өөрийн эрүүл мэндээ хамгаалах боломжуудыг иргэдэд мэдээлэх, урьдчилан сэргийлэх аргуудыг түгээхэд эрүүл мэндийн байгууллагын оролцоо чухал. Дүүргийн Засаг дарга өнөөдөр СХД-ийн Эрүүл мэндийн нэгдлийн удирдах албан тушаалтнуудтай уулзаж аяныг дэмжин, манлайлж ажиллахыг уриаллаа. Агаарын бохирдолд жирэмсэн эхчүүд болон хүүхдүүд хамгийн ихээр хохирч байгаа. Тиймээс иргэдэд хүчилтөрөгчийн коктейл уух, амны хаалт байнга хэрэглэж занших, өрөө тасалгааны чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх зэрэг энгийн аргуудыг хоногшуулж ажиллах нь эрүүл мэндийн байгууллага нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаагийн нэг илрэл юм.