Та бүхнийхээ энэ өдрийг амар амгаланг айлтган мэндчилж байна 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ил тод байдал, хууль тогтоомж, цаг үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч албан ёсны цахим хуудсаар зочилж буй таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.  

СХД бол хамгийн их хүн амтай гэдгээрээ онцлогтой. Дөрвөн дүүргийн хүн амтай дүйцэхүйц эл дүүрэгт 350 мянган хүн оршин сууж байна. Хүн амынхаа хэрээр асуудал нь дундардаггүй шийдэл хайдаг дүүрэг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд СХД-ийн хувьд хөгжлөөрөө 7 дугаарт жагсаж байсан бол эдүгээ хоёрт эрэмбэлэгдэж цаг хугацааг товчилсон. Энэ нь тус дүүрэгт ажилласан хүмүүсийн ажлын үр дүн юм. Тодруулбал өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд СХД хөгжлийн дүүрэг болох зорилтыг дэвшүүлэн ажилласан бөгөөд 2020-2024 онд нийт 481 тэрбум төгрөгийн  380 бүтээн байгуулалт, дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдсэнээрээ иргэдийн талархлыг хүлээгээд байгаа билээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Хүний хөгжил, Эдийн засаг, Ногоон хөгжил, Орон нутгийн хөгжлийн бодлого зэрэгт тулгуурлан иргэдийн нийгмийн баталгааг сайжруулж, томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2024 он гарснаас хойш Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 16, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 12, Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 10, Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 54, Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 55 нийт 147 ажлыг гүйцэтгэсэн. 

Нийслэлийн хамгийн их хүн амтай, хамгийн том дүүргийн хэтийн хөгжлийг Монгол Улсын засгийн газраас Бүсчилсэн хөгжлийн реформ, “20 минутын хот” концепцын хүрээнд 4 хот 13 хороолол байгуулан алслагдсан хороодыг “АГРО СИТИ” эдийн засгийн бие даасан бүс болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Тус  “20 минутын хот” концепц хэрэгжсэнээр хотын иргэн хаана оршин суухаас үл хамааран гэрээсээ гараад 20 минутын дотор өдөр тутмын хэрэгцээгээ хангаж, нийгмийн болоод төрийн суурь үйлчилгээг төвөггүй авах боломжоор хангагдах юм.

СХД-ийн хувьд 30 жилийн турш улсаас мөнгө авдаг байсан бол одоо нийслэлд хөрөнгө оруулалт, мөнгө татаж төвлөрүүлдэг дүүрэг болсон.Цаашид Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдийн нийгмийн баталгааг сайжруулан хүнээ бодсон бодлого хэрэгжүүлэн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчидтэй гар нийлэн хамтран ажиллаж Сонгинохайрхан дүүргийг хөгжлийн шинэ бүс болгохын  төлөө хичээн ажиллана. 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

БАТЧУЛУУНЫ ХУЯГБААТАР