Видео

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын бичиг хэргийн эрхлэгч Г.Адъяабазар, архивч С.Төмөрбүс нар ӨМӨЗО-ны Хөх хотын “Данс Эвхмэлийн хороо”-ны үйл ажиллагаатай танилцан, туршлага судалаад ирлээ. Энэхүү аялал нь нийслэлийн Засаг даргын 2013 оны А/451 дүгээр захирамжаар есөн дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэд байгуулагдсан “Дүүргийн архив”-ын бие даасан үйл ажиллагааг дэмжиж, тогтмолжуулах ажлын хүрээнд архивын салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, улмаар хөрш орны архивын байгууллагатай танилцаж, арга туршлагыг судлах зорилготой юм. 


Энэ удаагийн туршлага солилцох ажлыг нийслэлийн Архивын газрын ажилтан   Н.Оргилболд, Н.Хишигжаргал нар удирдан зохион байгуулж сургалтад нийслэлийн бүх дүүргийн архив, бичиг хэргийн нийт 21 ажилтан оролцож Хөх хотын “Данс Эвхмэлийн хороо”-ны удирдлага албан хаагчидтай өөр өөрийн улс орны архивын үйл ажиллагааны талаар санал бодлоо хуваалцаж ярилцлаа. Уг уулзалтын дараа хөтөлбөрийн дагуу архивын баримтын хадгалалт болон хамгаалалтын нөхцөл, нөхөн бүрдүүлэлтийн ажлын арга зүй, хөмрөгийн зохион байгуулалт, архивын тусгай төрлийн баримтын зохион бүрдүүлэлт нөхөн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалт, архив болон хөмрөг үүсгэгч байгууллагуудын ажлын уялдаа холбоо, архивын баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх, архивын баримтыг цахимжуулж буй үйл ажиллагаа, архивын үйл ажиллагаанд ашиглаж буй зориулалтын техник тоног төхөөрөмж зэрэгтэй танилцсан юм.
ӨМӨЗО-ны данс эвхмэлийн хороо нь иж бүрэн тоноглогдсон 560 мкв  хадгаламжийн сангийн өрөөнд стандартын шаардлагад нийцсэн бүх төхөөрөмжийг ашигладаг бөгөөд байгууллагуудын баримт бичгийг нягтлан шалгах, мэргэжил арга зүйн заавар зөвлөмжөөр ханган ажиллаж байна. Мөн нөхөн бүрдүүлэлтийг арван жил тутамд хүлээн авч данс бүртгэл үйлдэж, сан хөмрөг үүсгэн, удаан жил хадгалж бичвэр арилсан муудаж урагдсан материалыг нөхөн сэргээж засварлаж сэргээдэг ажээ. 2012 оноос эхлэн ӨМӨЗО-ны данс эвхмэлийн хороо нь баримт бичгээ цахимд оруулж эхэлсэн байна. Цахимд орох материалыг гэрээт ажилтан авч сканердаж бэлэн болгодог бөгөөд бусад үйл ажиллагааг мэргэжлийн албан хаагчид хийдэг. Гэрээт ажилтны ажиллах нөхцөл дээр анхаарч тоос шорооноос хамгаалах зорилгоор  бүрэн өмсгөл  болон амны хаалт, хор тайлах  бэлдмэлээр хангаж ажилладаг давуу талтай байлаа.
Тус данс эвхмэлийн хороо нь баримт бичгийн түүхээр музей байгуулж иргэдэд тогтмол үзүүлэн, хүүхэд залуучуудыг үеийг түүхээ мэдэхэд анхаардаг төдийгүй иргэдийн 90 хувийг баримт бичгээ ашиглахад туслан ажилладаг талаар танилцуулсан юм.

 

   

  

 

                                                                                                                                                                                                       Г.Адъяабазар