Видео

Нэгдүгээр хорооллынхон гэлтгүй нийслэл даяараа “балгас” хэмээн нэрийддэг цамбагаравын арын барилгыг 20 жилийн дараа Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны А/1004 тоот захирамжаар буулгахаар болж байна.

Иргэн С.Төмөр-Очир1998 оноос барилгын ажлаа эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл баригдаж дуусаагүй. Явган хүний зам тагласан, нийслэлийн өнгө төрхөд сөргөөр нөлөөлсөн тэр ч бүү хэл энэ хугацаанд хоёр ч удаа гал гарч арын байрны оршин суугчдад эд хөрөнгийн болоод эрүүл мэндийн хохирол учруулж байсан.

Энэ хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллага ч нурах аюултай, иргэдийн амар тайван, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд саад учруулж байгаа тул барилгын ажлаа зогсоох тухай мэдэгдэл удаа дараа өгч байв.

Ийнхүү өнөөдөр барилгыг нураах ажлыг эхлүүлсэн бөгөөд цаашид уг газар хийгдэх хөрөнгө оруулалт, тохижилтын ажлыг оршин суугчдаас санал авч шийдвэрлэх юм байна.