Видео

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3-р хэлтсээс Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6, 15.2 дах хэсэг, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны A/133 дугаар тушаалаар баталсан '"Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам"- ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2018 оны үйл ажиллагааны тайланг иргэдэд танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Тайлангийн хуралд Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн, Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Амгалан-Энх болон хороодын Засаг дарга, Иргэдийн Нийтийн Хурлын дарга, оршин суугч иргэд, хуулийн этгээдийн төлөөлөл нийт 400 орчим иргэн уригдан оролцсон юм.

Хурлыг нээж тус хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар үг хэлж иргэдэд өнгөрсөн 2018 онд цагдаагийн хэлтсээс хийж хэрэгжүүлсэн ажлыг видео хэлбэрээр танилцуулж, иргэдээс санал хүсэлтийг нээлттэй хүлээн авч хариулт өгсөн.

Тайлангийн хурлын үеэр 2018 онд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлсэд дэмжлэг туслалцаа үзүүлж, үр бүтээлтэй хамтран ажилласан “23 дугаар хороо”-ны С.Сайхантуяа Засаг даргатай хамт олон болон У.Батхүү даргатай “Сонгинохайрхан зорчигч тээврийн төв”-ийн хамт олонд цагдаагийн хэлтсийн “Өргөмжлөл”-ийг гардуулан, 14 иргэнийг хэлтсийн даргын “Баярын бичиг“, мөнгөн шалганалаар шагнаж урамшууллаа.