Видео

Баянхошуу хайрхан болон “Бумбат”-ын рашааныг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан.

Уг тогтоолын хэрэгжилтийг хангах, мөн тусгай хамгаалалттай газрын бүрэн бүтэн байдлыг хадгалах үүднээс тухайн бүс нутагт зөвшөөрөлгүй буусан айлуудыг албадан нүүлгэж, тахилгат хайрханы хилийн зурвасыг иргэдэд харагдахуйц самбарт байршууллаа.  

   Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дүүргийн 800 гаруй эх Алдарт эхийн 1, 2 дугаар одонгоор энгэрээ мялаалаа. 42 эх Алдарт эхийн нэгдүгээр одон, 764 эх хоёрдугаар одон хүртсэн байна. 

   Дүүргийн удирдлагууд өнөөдөр Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан эхчүүдэд одонг нь гардуулан өглөө. Хүүхдээ улс эх орондоо ихийг хийж бүтээх сайн хүн болгон хүмүүжүүлж байгаа нийт ээжүүддээ баяр хүргэе.

Дүүргийн Газрын алба болон Боловсролын хэлтэс хамтран дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 6-р ангийн сурагчдын дунд “Сонгинохайрхан дүүргийн ирээдүй” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгууллаа.

Уралдаанд зөвхөн 6-р ангийн сурагчдын хамруулсан бөгөөд 12 сургуулийн нийт 173 хүүхэд бүтээлээ ирүүлжээ. Үүнээс 20 бүтээлийг шагналт байранд шалгаруулж, өргөмжлөл үнэ бүхий зүйл, гарын бэлгээр шагнаж урамшуулсан байна.

Бүтээлээрээ бусдыгаа тэргүүлсэн сурагчдын дурьдвал 1-р байрт “Ирээдүй” цогцолбор 1-р ахлах сургуулийн 6а ангийн сурагч Г.Цолмон шалгарч, “Найрамдал” зусланд амрах эрхийн бичиг, 2р байрт тус сургуулийн 6е ангийн сурагч Б.Хүслэн шалгарч өргөмжлөл, 150.000 мянган төгрөг, 3-р байрт 107-р сургуулийн 6а ангийн сурагч Т.Тэмүүлэн шалгарч, өргөмжлөл, 100.000 төгрөг, тусгай байрт “Ирээдүй” цогцолбор 2-р дунд сургуулийн 6б ангийн сурагч Б.Оргил шалгарч, өргөмжлөл, 50.000 мянган төгрөгөөр тус тус шагнууллаа. Харин шагналт байранд орсон бусад 16 сурагчийг гарын бэлгээр шагнаж урамшуулсан байна.

Дүүргийн Дотоод аудитын албанаас Сонгинохайрхан дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн болон харъяа байгууллагуудын санхүүгийн ажилтнуудад Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн байдал илэрч буй зөрчлүүд, Нийслэл дэх Төрийн аудитын шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг цаашид гаргахгүй байх чиглэлээр сургалт зохион байгууллаа. Сургалтад 72 нягтлан бодогч оролцож санал солилцлоо.

Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 05 дугаар хуралдаанаар 2017 оны 05 дугаар сарын сүүлийн долоо хоногийн Лхагва гарагийг “Хүүхдээ сонсох өдөр” болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн ба тухайн орон нутгийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд дүүргийн хүүхэд багачуудтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх юм. Уг өдрийг угтан Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “Хүүхдээ сонсох өдөр”-ийг 2018 оны 05 сарын 28-ны өдөр дүүргийн Иргэний танхимд зохион байгууллаа.

Форумд дүүргийн Улсын болон хувийн Ерөнхий боловсролын сургууль, албан бус насан туршийн боловсролын сургууль болон тусгай сургуулийн нийт 100 сурагчид хамрагдсан байна.

Хүүхдүүдийн дуу хоолой, санал санаачлага, тулгамдсан асуудлуудыг холбогдох дээд шатны байгууллагуудад уламжлахаар бэлтгээд байна.

Дүүргийн Засаг даргын А/259 дүгээр захирамжаар зуслан ногоон бүсийн их цэвэрлэгээг өнөөдөр эхлүүллээ. 24, 25-р хорооны нутаг дэвсгэр Баруун, Зүүн салааны зуслангийн бүсээс эхлүүлэн нийт 131 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Дүүргийн амралт цогцолборын газар энэ онд эко ногоон орчинг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тэд энэ ажлынхаа хүрээнд шинээр мод нэмж тарих ажлыг зохион байгуулж, дүүргийн ахмадын хороо, Баянзүрх дүүргийн 48-р сургууль, “Нэгэн зүгт” клубын хамт олныг татан оролцуулж, нийт 308 ширхэг мод тарьжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбарын зааланд 05 дугаар сарын 25-ны баасан гарагт 10:00-17:00 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулагдах тул сонирхсон иргэд үйлчлүүлнэ үү.

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2018 оны 4 дүгээр сарын 2-оос 5 дугаар сарын 2-ныг хүртэлх нэг сарын хугацаанд “Явган эргүүлийн баг” сарын аяныг зохион байгуулан, дүнгээ гарган өнөөдөр хаалтын үйл ажиллагаагаа зохион байгуулж, гэмт хэргийн гаралтыг 25.1 хувиар буруулаад байна.

Аянд идэвхи санаачлагатай оролцсон хороодыг шагнаж урамшуулсан бөгөөд тусгай байрт 6 дугаар хороо, 3 дугаар байрт 30 дугаар хороо, 2 дугаар байрт 3 дугаар хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөл шалгарсан бол тэргүүн дүгээр байрт 26 дугаар хорооны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөл шалгарч шагналаа гардан авлаа.

Бүх нийтээр мод тарих Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Сонгинохайрханчууд мод тарилаа. Үүний хүрээнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилгаар 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарангийн энгэр”-ийн төвлөрсөн хогийн цэгийн 900 метр хашааг дагуулан 2.08 га газарт мод тарилаа.

Уг төслийг 2020 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхний удаад төрийн албан хаагчид болон иргэд хамтран уг талбайд 1200 мод тарилаа.