Дүүргийн Засаг даргын А/495  дугаар захирамжийн хүрээнд Эрүүл мэндийн төв, Улаан загалмайн хороотой хамтран бага насны хүүхдийн хоол шим тэжээл, анхны тусламж үзүүлэх сургагч багш бэлтгэх сургалтыг Эрүүл мэндийн төвийн хоол зүйн кабинетийг түшиглэн зохион байгууллаа. Сургалтад хороодын нийгмийн ажилтнууд, 1-5 насны хүүхэдтэй ээжүүд болон хорооны хэсгийн ахлагч, сайн дурын идэвхтэн 60 хүн хамрагдлаа.

Сургалтыг Эрүүл мэндийн төвийн төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Мөнхбаатар, эмчилгээний хоол зүйч Г.Хишигдаваа, Улаан загалмайн хорооны сургалтын арга зүйч, сургагч багш У.Мөнхзаяа нар явуулсан.

Сургагч багш нар 2 хороонд сургалт зохион байгуулж, бага насны хүүхэдтэй ээжүүдэд туслах ба өөрсдийн сурсан, шинээр санаачилсан хүүхдийн хоолоор үзэсгэлэн гаргаж сурталчилхаар ажиллаж байна.

           Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2019 онд 14 хоног тутамд хэлтэс албадууд тодорхой сэдвээр мэдээллийн цаг хийж хэвшихээр ажиллаж байна.

            Уг ажлын эхлэл болгож үүрэн холбооны “Skytel” ХХК-ийн төлөөллийг урьж төрийн албан хаагчдад зориулсан дугаарын талаар танилцуулга мэдээлэл хийлээ.

Энэ сарын 26, 27-ны өдрүүдэд болсон их цэвэрлэгээний ажилд нийт  2073 аж ахуйн нэгж, байгууллага 13,853 иргэн оролцож 34,8546 м/кв талбайн хог хаягдлыг цэвэрлэн 32 хороодоос 42 хог тээврийн автомашинаар 243 рейсээр 1615.3 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.

Нийтийн эзэмшлийн зам талбайд 90 үйлчлэгч ажиллаж 1.475.283м2 талбайн хог хаягдлыг шүүрдэн цэвэрлэж, 600 уртааш метр хайш хашлага, замын тэмдэг арчиж цэвэрлэн өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудаас их цэвэрлэгээний ажилд Дүүргийн эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Дотоод аудитын алба, Усан спортын төв, Сургууль Цэцэрлэгүүд, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Онцгой байдлын  хэлтэс, хороод идэвх санаачлагтай оролцож,  дүүргийн Засаг даргын тамгын газрын хэлтсүүд  хороодод хяналт тавьж ажиллалаа.

Хог хаягдлыг тээвэрлэгч байгууллагууд автомашинуудаа хуваарийн дагуу хороо тус бүрт тасралтгүй явуулж ямар нэгэн гомдол зөрчилгүй сайн ажилласан байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын 67-р сургууль БНСУ-ын ЁНЧУ ахлах сургуультай хамтран 2015 оноос эхлэн жил бүр 1000 мод тарих ажлыг эхлүүлсэн. Уг ажлын хүрээнд хоёр сургуулийн сурагчид Төв аймгийн Лүн сумын нутагт энэ жил 4000 дахь модоо тарих юм.

Харин уг ажлын бэлтгэл болгож 67-р сургуулийн “Ногоон төгөл” эко клуын сурагчид өмнөх жилүүдээ тарьсан модоо эргэж, арчилгаа хийгээд ирсэн байна.  

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн Нэгдсэн Лабораторийн хамт олон 7-р хорооны харъяа “Кристина нобел” сангийн дэргэдэх “Нархан хотхон” хүүхдийн асрамжийн төвийн нийт 67 хүүхдэд цагаан хорхойн болон шээсэнд ЖП , кальци үзэх шинжилгээг үнэ төлбөргүй хийж, витаминжуулжээ.

Дүүргийн хэмжээд 4 байршилд байгуулагдах Номын сантай цэцэрлэгт хүрээлэнгийн 2 дах салбар буюу 15-р хорооны номын санд “Сараанбат” ТББ монгол, солонгос хэл дээр хэвлэгдсэн 200 гаруй ном хандивлалаа. Сараанбат ТББ нь ЗДТГ болон хороодод эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажилласаар ирсэн юм.

Номын сантай цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг дэмжин ном хандивлах аян удахгүй хэрэгжиж эхэлнэ.

УИХ-ын гишүүн Н.Учрал “Сайн Учрал” сан, олон улсын боловсролын “Эрдэм” академийн санаачилсан утааны эсрэг өдөрлөгт дэмжлэг үзүүлж, утааны голомтод амьдарч буй иргэдэд ширхэг бүр нь 28$-ийн үнэ бүхий, уурхайн гүнд, хүнд үйлдвэрүүдэд ашигладаг тусгай зориулалтын 6000 ширхэг 3M маск үнэгүй тараалаа.

Уг өдөрлөгөөр нийслэлийн агаарын бохирдол хамгийн ихтэй бүс болох Сонгинохайрхан дүүргийн ахмадууд, жирэмсэн болон нярай хүүхэдтэй эхчүүд, бага насны хүүхдүүдэд тусгай зориулалтын 3М 9210 N95 маркийн амны хаалтыг үнэ төлбөргүй тарааж, эмнэлгийн анхан шатны үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо, түүнчлэн Өргөө амаржих газрын тасгийн эрхлэгч, доктор профессор Ш.Цэрэнсамбуу, АШУҮИС-ийн эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн багш, доктор Ш.Алтантуяа нар иргэдэд утаанаас хүүхэд багачууд, хэвлий дэх ургийг хамгаалах талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн юм. Арга хэмжээний үеэр ээжүүдийн зөвлөгөө ярилцлагаас гадна иргэдэд дархлаа сэргээх аарц, аньс, чацаргана, ургамлын гаралтай уушги цэвэрлэх цайгаар үйлчилсэн юм.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН

ГАЗРЫН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ХУУЛЬ ЗҮЙН

ТАСГААС 2018 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН 

 

            Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн Засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хангах, иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагуудад хууль, эрх зүйн сургалт, сурталчилгааг зохион байгуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллалаа.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хууль зүйн тасгаас 2018 оны байдлаар 825 иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө өгч, 218 иргэнд хууль эрх зүйн сангаас хууль тогтоомжийн лавлагааг олшруулан өгч, дүүргийн Засаг даргын захирамж, Тамгын газрын даргын тушаалуудыг нийслэлийн эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан UB.Legal сайтад байршуулан ажилласан.

Нутгийн захиргааны байгууллагаас гаргаж буй захиргааны актууд нь хуульд нийцсэн, хүний эрх зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй гаргахад анхаарч, хяналт тавьж ажилласан.

Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргыг захиргааны болон иргэний хэргийн шүүхэд нийт  24 маргаанд итгэмжлэлээр төлөөлөн оролцлоо.

Удирдлагаас иргэд, байгууллагатай байгуулсан 128 гэрээний эрх зүйн үндэслэлд хяналт тавьж бүртгэлд авч ажилласан.

Нийслэлийн нийтийн биеийн тамир спортын хорооноос "Хөдөлгөөн-Эрүүл мэнд” сэдэвт сургалтыг Нийслэлийн Засаг захиргааны V дугаар байр буюу “Нийслэлийн Иргэний танхим” болон МУБИС-ын спорт зааланд зохион байгуулж байна.

Уг сургалтанд Сонгинохайрхан дүүргийн 43 цэцэрлэгийн 78 багш нар хамрагдаж байгаа бөгөөд энэ сарын 18-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.

          Билгийн тооллын хаврын тэргүүн сар Цагаан сарын шинийн 3-ны өдөр болон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр 7 дугаар сарын 15-ны өдрөөр тооцон Ахмад настны тухай хуулийн 12.2-т заасан насанд хүрсэн ахмад настанд мөн хуулийн 12.3.1-12.3.4-т заасны дагуу насны хишиг олгоно.

        2019 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд 65 хүрч буй ахмадууд хөдөлмөр, халамжийн хороо хариуцсан мэргэжилтэнд хандаж үйлчилгээнд хамрагдана уу.

            Бүрдүүлэх материал: Иргэний үнэмлэх /Хуулбарын хамт/

            Лавлах утас: 70174405