Сонгинохайрхан дүүрэгт 8200 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 966 хүүхэд байна гэсэн судалгаа бий. Тэдгээр иргэдийн сурч хөгжих, нийгмийн харилцаанд тэгш эрхтэй оролцоход туслах зорилгоор “Хүртээмжтэй орчин-загвар дүүрэг” аяныг Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж байна.

Уг аяны хүрээнд өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний ар гэрийн төлөөлөл болсон 150 гаруй хүнтэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр дүүргийн зүгээс хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төвийн ажлыг эхлүүлээд байгаа юм. Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн саналыг сонсон, цаашид хэрэгжүүлэх ажлууддаа тусгахаар боллоо.

Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, зам талбайн хальтиргааг арилгах үүднээс энэ онд 105 тн химийн бодис, 400 тн давс нөөцлөхөөр төлөвлөсөн бөгөөд энэ сарын 28-ны байдлаар 381 тн давс нөөцөлсөн байна.

Харин 10 дугаар сарын 07-ноос 11 дүгээр сарын 26-ныг хүртэлх хугацаанд 5 удаа цас орж, зам талбайд 157 тн давс цацаж, нөөцөд 224 тн давсны үлдсэн байна.

Архивын үйл ажиллагааг 2015-2020 онд тогтмолжуулж ажиллах хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийн хэрэгжилтийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн архивчдын “Төрийн архивын үндсэн үйл ажиллагааг бэхжүүлэх” нь сэдэвт нэгдсэн сургалтыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн архиваас амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сургалт нь нийслэлд архивын салбар үүсч хөгжсөний 60 жил, дүүрэгт архив байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой.

Нэгдсэн сургалтын хүрээнд “Сүхбаатар дүүргийн архивын үйл ажиллагаа, танилцуулга, нийслэлийн Архивын газраас “Дүүргүүдийн архивын 2018 онд хийж хэрэгжүүлсэн онцлог ажлууд”, “Төрийн архивын системийг дүүргийн архивт нэвтрүүлэх нь” сэдвүүдээр илтгэл, мэдээлэл танилцууллаа.

Мөн тусгай төрлийн баримтаар хэрэг бүрдүүлж, хадгалж, хамгаалах үйл ажиллагаа, данс бүртгэл, хувийн хэрэг, ББНШК-ын хурлын үйл ажиллагаа төлөвлөгөө, хуваарь, тэмдэглэл, хяналтын үйл ажиллагаа, дүүргийн архивын сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэх эх үүсвэрийн жагсаалт, хөмрөгийн жагсаалт ашиглалтаар үзэсгэлэн гаргаж харилцан туршлага солилцсон юм.

Түүнчлэн ширээний теннис, дартс, хөл бөмбөг гэсэн 3 төрлөөр спортын тэмцээн явагдсан бөгөөд дүүргийн баг тамирчид “эмэгтэй ширээний теннис”, “хөлбөмбөг”-ийн төрөлд тэргүүлж, багаараа тэргүүн байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал, Шилжин явах цомын эзэд боллоо.

Сурагчдыг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, бага насны хүүхдийг гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ‘’Ногоон гэрэл цагаан шугам-2018’’ тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Сонгинохайрхан дүүргийн Спорт цогцолборт болсон тус тэмцээнд 22 сургуулийн нийт 264 сурагч оролцож, шилдгүүдээ тодруулсан юм. Улмаар “Ирээдүй цогцолбор” 2-р бага сургууль 1-р байр, 62-р сургууль 2-р байр, 123-р сургууль 3-р байр эзэлж, тусгай байрын шагналыг 12-р сургуулийн сурагчид авлаа.

Нийслэлийн ерөнхий боловсролын 67-р сургууль стандартын шаардлага хангасан спорт заалтай боллоо. Уг сургууль 3000 орчим сурагчтай хэдий ч зай талбай багатай, стандартын шаардлага хангаагүй спорт заалтай байсан. Спорт заалны барилгын ажлыг “Сайрын харгана” ХХК 5-р сарын сүүлээр эхлүүлж ийнхүү ашиглалтад орууллаа. Ингэснээр тус сургуулийн сурагчид хичээлийн бус цагаар секц дугуйланд хичээллэх боломж бүрдэж байна.

"Тээвэрлэлт үйлчилгээний төв" ОНӨААТҮГ-ын иргэдийн бүлэг 02-р хорооны 4-р хэсэг 13-р гудамжнаас 81, 42-р сургуулийн зүүн үзүүр хүртэлх үргэлжилсэн жалга болон нийтийн эзэмшлийн зам талбайн хог хаягдлыг цэвэрлэж гүйцэтгэлээ.

Үндэсний бахархлын өдрийг тохиолдуулан Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсүүд хамтран 16 нас хүрсэн иргэдийг “Би монгол хүн” иргэний андгай өргүүллээ.

Тус “Андгай өргөх ёслол”-д 16 нас хүрч Монгол улсын иргэний үнэмлэхээ гардан авч байгаа шилдэг 40 сурагч хүрэлцэн ирсэн бөгөөд, эдгээр сурагчдын иргэний үнэмлэхийг гардуулан өгсөн юм.

Уг хүүхдүүд иргэний үнэмлэхээ гардан авснаар өсвөр үе, залуучуудад эх оронч сэтгэлгээтэй, эх орон, түүх, соёлоороо бахархах, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарласан хариуцлагатай хувь хүнийг төлөвшүүлэх гол зорилготой юм.

Түүнчлэн андгай өргөсөн иргэдэд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Hub innovation” төвд компьютерийн сургалтад суух эрхийн бичиг өглөө.

Сонгинохайрхан дүүрэг ӨМӨЗО-ны И-Хэ эмнэлэгтэй хамтран энэ сарын 10-ны дуустал иргэдэд арьсны харшил, арьсны өвчлөл болон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн үзлэгийг үнэ төлбөргүй зохион байгуулж, цаашид эмч нарыг сургах, дадлагажуулах ажлыг хамтран хийх юм.

Энэ хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд 5 дугаар хороонд ажиллаж 75 иргэнийг үзэж оношлон, эмчилгээг зааж өглөө.

Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хэрэгжилтийг хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг сурталчилах, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг өрхийн хөдөлмөрийн насны ажилгүй иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээлэл өгөх, тохирох байнгын ажлын байранд зуучлах,  иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, тэдний санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг сонсох, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дүүргийн дэд хөтөлбөрийн төслийг боловсруулах үндэслэл шаардлагыг судлах, ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагуудад хүний нөөцөө бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Өрхийн хөгжил” уулзалт сургалтыг “Шинэ хөгжлийн түлхүүр” төрийн бус байгууллагатай хамтран 32 хороонд 2018 оны 10 сарын 4-ны өдрөөс 18-ны өдрүүдэд зохион байгуулж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох бүлгийн зөвлөгөөг 1587 иргэнд өгч, 389 иргэнд ганцаарчилсан зөвлөгөө өгч ажиллалаа.

Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, ЗДТГ-ын хэлтэс албадын дарга нар, сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт Авлигын гэмт хэргийн талаар болон шинэ хуулиудын талаарх сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар явуулж, салбар бүрт гарч байгаа авлигын судалгааг дэлгэрэнгүй танилцууллаа.