Дүүргийн онцгой комисс өнөөдөр Тамгын газрын дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн дарга, Замын цагдаагийн хэлтсийн дарга, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, Эрүүл мэндийн төвийн дарга, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тасгийн дарга, Хуулийн тасгийн дарга гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 4-р хуралдаанаа хийлээ.

Сонгинохайрхан дүүрэг 2018 онд амжилт гаргасан салбар бүрийн манлайлагч шилдгүүдээ тодрууллаа. Дүүргийн 2018 оны тэргүүний сурагчаар “Ирээдүй” цогцолбор 1-р бага сургуулийн сурагч З.Аргабилэг, шилдэг оюутнаар МУИС-ийн оюутан Б.Пүрэвсүрэн, шилдэг тамирчнаар дүүргийн дугуйн шигшээгийн тамирчин Б.Амартүвшин, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний тэргүүний алба хаагчаар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч З.Наранцэцэг нар шалгарлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах гэсэн заалт бий. Үүний хүрээнд 25-р хорооны хамт олон дүүргийн Цэргийн штабтай хамтран шинээр 18-н нас хүрсэн залуучуудад цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулжээ.

Ингэснээр 20 гаруй залууд цэргийн үүрэгтний үнэмлэхийг нь гардуулж, холбогдох хууль тогтоомжийн заалт бүхий гарын авлага, дурсгалын зүйлс гардуулсан байна.

Сонгинохайрханд дүүргийн хэмжээнд өнгөрсөн жил 166 үүсмэл хур хогийн цэг байсныг бүрэн устгасан. Одоогийн байдлаар томоохон хэмжээний хогийн цэг байгаа 21-р хороонд  Засаг дарга Ж.Сандагсүрэн өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллалаа. 

Орчныг их хэмжээгээр бохирдуулж байгаа энэ хогийн цэгийг нүүлгэх асуудал, Эмээлтэд шинээр байгуулах нүхэн гарцын зураг төслийг ярилцлаа.

Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төв хамтран залуучуудад санхүүгийн боловсрол олгох, бие даан төсөл, төлөвлөгөө боловсруулах арга барил эзэмшүүлэх, эдийн засгийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “1000 залуу 1000 санаа” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Төслийн хэрэгжилтийн хүрээнд 18-34 насны 1000 залуу хамрагдах бөгөөд эхний ээлжийн 100 залуучуудад “Төсөл боловсруулах аргачлал” сургалтыг 1-р сарын 21-ний өдөр “Элит интернэшнл инвестмент” ХХК-тай хамтран зохион байгуулж, төсөл боловсруулах тухай аргачлалд сурган, хэрхэн төсөл хөтөлбөрт хамрагдах талаар зөвлөмж, мэдээлэл өгч, амжилттай суралцсан залуучууддаа сертификат олголоо.

Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд хандах хандлагыг өөрчлөх чиглэлээр 2018 онд сарын аян хэрэгжүүлж жишиг дүүрэг болох зорилт тавин ажиллаж байна.

Энэ хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зөвлөгөө өгөх тэдэнд хэрэгтэй зүйлийн тусламж хүргэх зэрэг ажлуудыг хийж байна. Өнөөдөр “Сараанбат” ТББ-тай хамтран 32 хорооны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд өвлийн хүрэм гардууллаа.

Сонгинохайрхан дүүрэгт энэ жил Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар зарим хороодод камержуулалтын ажил хийгдэнэ. Энэ хүрээнд камержуулалтын ажлын даалгавар боловсруулах ажлын хэсэг хороодын Засаг дарга, цагдаагийн хэсгийн байцаагчтай хамтран гэмт хэрэг зөрчил гарч болзошгүй газруудад байршлын судалгаа хийн ажиллалаа.

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3-р хэлтсээс 2019 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэлээдгүй ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Үүний нэгээхэн хэсэг болох хороодын хэсгийн байцаагчийн үйл ажиллагааг дэмжих, мэдээлэл солилцох, гэмт хэргийн гаралтыг бууруулах, эзэнгүй гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр зохион байгуулагдах "Нэг хороо-Нэг сар" аяны хүрээнд хэрэгжүүлж байгаа Засаг даргатай харилцах дэвтэрийг 29, 30 дугаар хороодын Засаг дарга нарт гардуулан өгчээ.

            Монголын уламжлалт сар шинийн баяр болохтой холбогдуулан иргэд та бүхэн өмч хөрөнгөө хулгайд алдахаас сэргийлж гэрийнхээ цоож, цонхны бэхэлгээг сайжруулж, гэр, орон сууцаа эзэнгүй орхих тохиолдолд хөрш, зэргэлдээ айлдаа захиж үлдээх, томоохон зах, хөл хөдөлгөөн ихтэй газар, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо анхаарал болгоомжтой байж, сонор сэрэмжээ дээшлүүлж, хулгайд эд зүйлсээ алдахаас сэргийлээрэй.

НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмонгийн санаачлагаар үүсгэн байгуулсан “Цолмон” сангаас Сонгинохайрхан дүүргийн 8, 9, 25 дугаар хорооны 2500 орчим ахмадад хүрч үйлчлэх хүчин чадалтай уламжлалт эмчилгээний сувиллын байр өнөөдөр ашиглалтад орлоо.

Нээлтийн ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч Б.Ундармаа, Хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч Л.Оргил болон Сонгинохайрхан дүүргийн 8, 9, 25 дугаар хороонд амьдарч буй ахмадын төлөөлөл оролцлоо.

“Цолмон” сангийн дэргэдэх уг уламжлалт эмчилгээний сувилал нь ахмадуудад зориулсан олон төрлийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд ардын оношилгоо, хаш чулуун орны физик эмчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх юм.

Тус сангаас зөвхөн ахмадуудад төдийгүй дээрх хороодын хүүхэд багачууд руу чиглэсэн томоохон ажлуудыг хэрэгжүүлж байгааг НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон яриандаа онцолсон.

Тухайлбал “Монголын Оюун ухааны академи”-тай хамтран улсын дөрвөн цэцэрлэг, гурван сургуульд хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх хөтөлбөрийг 2017 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Цаашид өндөр настан болон хүүхэд багачууд руу чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөж байгааг тус сангийнхан онцоллоо.