СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор”-ын барилгын ажлын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Тус хороонд бага сургууль цэцэрлэгт хамрагдах 680 гаруй хүүхэд амьдардаг юм. Тус хороонд одоогоор ерөнхий боловсролын сургууль байхгүй бөгөөд 80 хүүхдийн ганц цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.

 

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлын шав тавих ёслолын арга хэмжээний үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн мөрийн хөтөлбөрт “Хороо бүрийг сургууль, цэцэрлэгтэй болгоно” гэж  тусгасан. Үүний дагуу нийслэлд 72 сургууль, цэцэрлэгийг барихаар төлөвлөсөн. Энэ ондоо багтаад 30 барилга хүлээлгэж өгөх зорилго тавин ажиллаж байна. Мөн Засгийн газрын концевциор 3 ээлжээр хичээллэж байгаа 28 сургуулийн барилгын өргөтгөлийн ажил хийгдэнэ. Хятадын засгийн газрын буцалтгүй тусламжаар 7 сургуулийн барилгын ажил эхлүүлнэ. Тэгэхээр бидний тавьсан зорилго давуулан биелэгдэнэ гэж ойлгож байгаа.

 

Өнөөдрийн шавыг нь тавьж буй хороонд бага сургууль байхгүй. Байгаа ганц цэцэрлэг нь тухайн хорооныхоо иргэдийн ачааллыг дийлдэггүй.  Тиймээс өнөөдөр 280 хүүхдийг хүлээн авах хүчин чадал бүхий сургууль цэцэрлэгийн барилгын шавыг тавьж байна. Гүйцэтгэгч компани нь шуурхай ажиллаж энэ хорооны хүүхдүүд удахгүй сурч боловсрох тохилог орчинтой болно гэдэгт итгэлтэй байна” хэмээв. Тус хорооны иргэд тулгамдаж байсан хамгийн гол асуудлыг ийнхүү шийдвэрлэхээр эхлүүлж байгаад талархал илэрхийлж байлаа. Барилгын ажлын уг төслийг хэрэгжүүлэгчээр  “Рич голден буллс эдукэшн” ХХК ажиллаж байна гэлээ.