Видео

НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмонгийн санаачлагаар үүсгэн байгуулсан “Цолмон” сангаас Сонгинохайрхан дүүргийн 8, 9, 25 дугаар хорооны 2500 орчим ахмадад хүрч үйлчлэх хүчин чадалтай уламжлалт эмчилгээний сувиллын байр өнөөдөр ашиглалтад орлоо.

Нээлтийн ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч Б.Ундармаа, Хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч Л.Оргил болон Сонгинохайрхан дүүргийн 8, 9, 25 дугаар хороонд амьдарч буй ахмадын төлөөлөл оролцлоо.

“Цолмон” сангийн дэргэдэх уг уламжлалт эмчилгээний сувилал нь ахмадуудад зориулсан олон төрлийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд ардын оношилгоо, хаш чулуун орны физик эмчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх юм.

Тус сангаас зөвхөн ахмадуудад төдийгүй дээрх хороодын хүүхэд багачууд руу чиглэсэн томоохон ажлуудыг хэрэгжүүлж байгааг НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон яриандаа онцолсон.

Тухайлбал “Монголын Оюун ухааны академи”-тай хамтран улсын дөрвөн цэцэрлэг, гурван сургуульд хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх хөтөлбөрийг 2017 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Цаашид өндөр настан болон хүүхэд багачууд руу чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөж байгааг тус сангийнхан онцоллоо.