Видео

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн нарийн бичгийн дарга , тус дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн дарга А.Энхжаргалтай уулзаж малчнаар тэтгэвэр  тогтоолгож буй иргэдийн талаар мэдээлэл авлаа.

·         2018-2019 онд нийт малчнаар хэдэн хүн тэтгэвэр тогтоолгосон болон Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгнө үү.

Сонгинохайрхан дүүрэг маань нийт 37000 тэтгэвэр авагчтай . Үүнээс өнөөдрийн байдлаар малчнаар 85 иргэн тэтгэврээ тогтоолгон авч байна.

Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дах хэсгийн 4 дүгээр зүйлийн 7-д Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн /өөрөөр хэлбэл мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэн  гэж ойлгох/ нийт 20 жил ажилласан үүнээс 15 с доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас , 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн тохиолдолд малчнаар тэтгэврээ тогтоолгож болохыг баталж өгсөн.

Улсын Их Хурлын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 / Малчинд тэтгэвэр тогтоох болон тэтгэврийн насыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг Засгийн газар батална./-д нэмэлт , өөрчлөлт оруулж 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлж байна .

Энэ хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журмыг баталж өгсөн.

Энэхүү журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийг Засаг даргын захирамжаар 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан даргаар Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлыг Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Жаргалсайхан нар хариуцан ажиллаж байна.

Орон тооны бус зөвлөлд өнөөдрийг хүртэл нийт 15 иргэн, малчнаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй шалтгааны улмаас 12 иргэний баримт бичгийг буцаан 3 иргэний баримт бичгийг хурлаар оруулан хэлэлцэж шийдвэрлэсэн.

 

·         Ямар шалтгааны улмаас иргэдийн баримт бичиг шаардлага хангахгүй байна цаашид ямар арга хэмжээ авч ажиллаж байна.

Орон тооны бус зөвлөл нь мал маллаж байсныг 2 тохиолдолд нотолж тодорхойлно.

1.    Даатгуулагчийн 1995 оноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд нь малчнаар ажиллаж байсныг нотлох А данс / лавлагаа/ үрэгдсэнээс олдохгүй болсон бол

2.    Даатгуулагчийн ажил олгогч / малчин ажил олгогч/-той гэрээ байгуулан малчнаар ажиллаж, шимтгэл төлсөн боловч уг хугацааны малчнаар томилогдсон, чөлөөлөгдсөн тухай тушаал, шийдвэр, мөн байгуулсан гэрээ байхгүй бол

Манай зөвлөлийн хувьд тус дүүргийн 21,32 дугаар хорооны иргэд гол төлөв хүсэлт ирүүлж байгаа. 21 дүгээр хорооны хувьд 1995 оноос хойш малчдын А данс устаж үгүй болсон шалтгааны улмаас зарим иргэд хохирч байгаа тохиолдол байгаа.

Энэ тохиолдолд тухайн онуудад малчнаар ажиллаж байсныг нотлох нэмэлт баримт бичгийг / малын хөлийн татвар төлсөн баримт, ноос ноолуурын урамшуулал авсан баримт, малчны мэргэжлийн үнэмлэх, мал маллаж байхдаа шагнуулсан баярын бичиг, тухайн малчинд байгаа мал тооллоготой холбоотой данс бүртгэл, бэлчээр ашигласны төлбөрийн баримт, өвөлжөөний газар эзэмших гэрчилгээ, мал тооллогын бүртгэл А данс нь үрэгдсэнээс олдохгүй байгаа онуудын өмнөх болон дараагийн оны А дансны лавлагаа/ зэргийг судлан иргэдээс бүрдүүлэн авч шийдвэрлэж байгаа.

Дүүргийн Статистикийн хэлтэстэй хамтран 2012 оноос 2018 онуудын малчдын судалгаа А дансны бүртгэлийн мэдээллийг аван хамтран ажиллаж байна.