Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санхүүжилтээр хөрсний бохирдлын ариутгалын ажлыг 7 дугаар хорооноос эхлүүлэхээр боллоо. Уг ажлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, хамтран ажиллах төлөвлөгөө хуваариа гаргасан байна.

Туркийн Улаан хавирган сар нийгэмлэгээс Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны амжиргааны баталгаажих түвшнээс доогуур буюу зорилтот бүлгийн 115 айл өрхөд хүнсний тусламж үзүүллээ.

Тус нийгэмлэг энэ жилийн хүмүүнлэгийн үйл ажиллагааны хүрээнд Сонгинохайрхан дүүргээс гадна Чингэлтэй, Налайх дүүргүүд мөн зарим асрамжийн газруудад хүнсний тусламжийн бүтээгдэхүүн тараахаар төлөвлөжээ.

Мөн Туркийн Рамадан сарыг тохиолдуулан жил бүр Монгол Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд 1000 гаруй өрхөд хүнсний туслалцаа үзүүлэх юм байна.

 

Засаг даргын Тамгын газраас “Өгөөмөр өдөр” өдөрлөгийг 2018 оны 06 дугаар сарын 09-ний бямба гарагт 11.00-17.00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.

 

Уг өдөрлөгийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр оролцох боломжтой бөгөөд хүүхдийн тоглоом, сувинер, ном сэтгүүл, гоёл чимэглэл зэрэг бүхий л бараа бүтээгдэхүүнийг солилцох, худалдах, үнэгүй өгөх, асрамжийн төвүүдэд хандивлах боломжтой юм.   

“Нэг ертөнц” төрийн бус байгууллагаас санаачлан “Нэг найз нэг бэлэг” аяныг зохион байгууллаа. Аянд УИХ-ын гишүүн  Х.Нямбаатар, дүүргийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын төлөөлөгчид, иргэний танхимын ажилчид, 4, 5, 6, 16-р хороны Засаг дарга нар, “Эко” авто засварын газар, НАМЗХ зэрэг байгууллагууд оролцож 500 гаруй бэлэг цуглуулж дүүргийн зорилтот бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг баярлууллаа.  

Дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн 5 дугаар хорооны ээжүүдэд Ачлалт ээж, Дархан бэрийн өргөмжлөл гардууллаа.

Гурван хүү төрүүлж өсгөсөн ээжүүдэд Дархан бэр өргөмжлөл, үр хүүхдээ эх орондоо хэрэгтэй сайн хүн болгож өсгөсөн ээжүүдийг Ачлалт ээжээр өргөмжилдөг уламжлалтай билээ.

     Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 28 дугаар хорооны албан хаагчид Сансар 4, 11 дүгээр гудамжинд байрлах хүүхдийн тоглоомын талбайг сэргээн засварлалаа.

       “Манай хороо миний гудамж” аяны хүрээнд 8-р хорооны хамт олон Гүнжийн нүдэн нуур орчимд улиас, бургас, хайлаас зэрэг 2000 орчим мод тарьсан байна. Нийслэлийн захирагчийн ажлын алба, “Тэтгэгч хур” ХХК-ны дэмжлэгтэйгээр хорооны иргэдийн оролцоотойгоор уг ажлыг хэрэгжүүллээ.

1-р хорооллын арын замаас 29-р хороо “Москва” хорооллын араар Үйлдвэрчний эвлэлийн гудамжтай холбогдох 1.2 км шинэ автозамын ажил үргэлжилж байна.

Газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан 0.3 км хэсэгт ажил хийгдэлгүй хүлээгдэж байсан асуудлыг шийдвэрлэж гэр хороолол дундуурх чулуун замыг барьж байна.

"Манай хороо-Миний гудамж" аяны хүрээнд хороод тохижилт, цэвэрлэгээний ажлыг эрчимтэй хийж байна. Тухайлбал 31-р хорооны хамт олон нийтийн эзэмшлийн гудамж талбай болон уулын энгэр, гуу жалганы хогийг цэвэрлэсэн байна.

Цэвэрлэгээнд тус хорооны болон 9-р хорооны иргэдийн бүлэг, "Улаанбаатар Шинэчлэл" ХХК-нийн иргэдийн бүлэг, жолооч Чинзориг, Нарансамбуу, ачигч Энхбаяр нарын хүмүүс оролцсон байна.