"Манай хороо Миний гудамж" аяны хүрээнд 4 хороо Их нарангийн 11 дугаар гудамжийг жишиг гудамж болгон тохижуулж байна.

 

"Шарилжгүй Улаанбаатар" аяны хүрээнд 25 хүний бүрэлдэхүүнтэй иргэдийн бүлэгтэй хамтран Ашүн 84,120 айл, Зүүнбаян-уулын 7-р гудамж, Зүүнбаян-уулын 16б гудамжны томоохон гуу жалганы шарилж, зэрлэг ургамлыг түүж цэвэрлэлээ. Мөн тус аяны хүрээнд оршин суугч иргэд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн шарилжийг түүж цэвэрлэсэн. Энэхүү ажлын дүнд нийт 333,580 тонн шарилжийг цэвэрлэж ачууллаа.

Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хамт олон 24-р хороонд байрлах АТП-3154 АТП-1706 дэд станцын хэрэглэгчдээс дамжуулан авч хол зайд шаардлага хангахгүй олон залгаатай утсаар намаг, ус, голтой газраар ЦЭХ-ийг хэрэглэж хүн амьтны амь насанд аюултай нөхцөл үүсгэн холбогдсон 30 айл өрхийн ЦЭХ-ийг тасалж, залгаа ихтэй, дотор монтажны утас гэх мэт шаардлага хангахгүй 2 км орчим утаснуудыг хурааж авлаа.

Засаг даргын тамгын газар, бүртгэлийн хэлтэс, улаан загалмайн хороотой хамтран “Зорилтот бүлгийн иргэдийг бичиг баримтжуулах, нийгэмшүүлэх” ажлыг зохион байгууллаа.

Уг төслийн хүрээнд зорилтот бүлгийн иргэдийг бичиг баримтжуулж, иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэн, төрийн болон нийгмийн халамжийн үйлчилгээг хүртэх боломжийг бүрдүүлэх зорилгоор 1, 2, 5, 8, 10, 26, 30, 31-р хорооны нийт 74 иргэнийг бичиг баримтжууллаа.

“Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” –ийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/01 дүгээр захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/44 тоот тушаалаар “Манай хороо-Миний гудамж” аяныг Нийслэлийн 9 дүүрэг 03 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний хооронд зохион байгуулж байгаа.

Үүний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд Засаг даргын А/125 тоот захирамжаар аян зохион байгуулах дэд ажлын хэсэг байгуулагдаж, 32 хороонд тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийж байна.

Хороодын хэрэгжүүлж буй ажлаас дурдвал 13-р хорооны баруун талд иргэдийн оролцоотой 1.20 м өндөртэй 115м урт төмөр хашлага татаж, 24ш гацуур, 700ш шар хуайс тарьж, 200м2 талбайд зүлэгжүүлэлт хийн, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна. Цаашид 14ш хогийн сав, 14ш сандал байрлуулахаар төлөвлөн ажиллаж байна.

24-р хорооны тухайд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны зээлийн 23-р гудамжинд байрлах хүүхдийн тоглоомын талбайн засварыг “Аргалант арвис групп” ХХК-иар гүйцэтгүүллээ.

Мөн хороод нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд сандал, хогийн савыг ихээр байршуулан ажиллаж байна.

     Байгаль орчин аялал жуулчлалын яам, Japan fund for poverty reduction, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” төслийн танилцуулгыг дүүргийн 6, 7 дугаар хороодын иргэдэд өглөө. Хөрсний бохирдлыг судлахын тулд 6-р хорооны 13 өрх, 7-р хорооны 27 өрхөөс дээжлэлт болон асуумж судалгаа авсан байна. Хөрсний бактерийн гаралтай бохирдлын судалгаагаар 92 хувь нь их, 5 хувь нь дунд, 3 хувь нь бага бохирдолтой гэж гарсан байна. Тиймээс Байгаль орчин аялал жуулчлалын яам, Газар зохион байгуулалт усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар хамтран хэрэгжүүлж байгаа уг төслийн хүрээнд гэр хорооллын хөрсний бохирдол буурч, эрүүл мэндийн нөхцөл байдал сайжрах боломж бүрдэх юм.

32-р хорооны иргэддээ ажил авснаасаа хойш хийсэн ажлаа тайлагнаж, ирэх жилүүдэд хийх төлөвлөгөөгөө танилцууллаа.

Иргэдийн зүгээс нийтийн тээврийн чиглэл нэмэх, маршрутад нь өөрчлөлт оруулах, карерийн замаас үүдэлтэй тоосжилтыг багасгах зэрэг асуудлуудыг тавьж байна. Эдгээр асуудлыг холбогдох газрууд болон албан тушаалтнуудтай нь зөвшилцөж, шийдвэрлэхээр боллоо.  

“Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд хороодод үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцож, гадна тохижилтын ажлаа сайжруулж байна.

Тодруулбал 7-р хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хан хөхий” ХХК-ийн хамт олон гадна фасад, хаягаа шинэчилж, гадна болон дотор талынхаа камерийн тоог нэмэгдүүлж, 360 градус эргэж, 1км хүртэл зайд харах боломжтой камер суулгажээ.

“Манай хороо - Миний гудам” аяны хүрээнд 6-р хорооны хамт олон орцнуудын өнгө үзэмжийг сэргээн засварлаж байна. Тодруулбал хорооны үүд болон ханын материалын комбинатын 61, 62, 63-р байрнуудын орцыг засварлан тохижилтын ажил хийсэн байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санхүүжилтээр хөрсний бохирдлын ариутгалын ажлыг 7 дугаар хорооноос эхлүүлэхээр боллоо. Уг ажлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, хамтран ажиллах төлөвлөгөө хуваариа гаргасан байна.