Видео

Сар шинийн баяр болохтой холбогдуулан орон нутгаас нийслэлд ирэх тээврийн хэрэгслийн тоо ердийнхөөс 3-4 дахин нэмэгдэж, нийслэлийн төвийн бүсэд түгжрэл үүсдэг. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай А/09 дүгээр захирамж гаргасан юм. Захирамжийн дагуу сар шинийн өмнөх амралтын өдрүүдээр буюу 2014 оны 1 дүгээр сарын 18,  25-ны бямба гарагт  сондгой, 1 сарын 19, 26-ны ням гарагт тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл НИТХ-аас тогтоосон бүсэд 10:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй. Харин энэ өдрүүдэд  "Нарантуул" худалдааны төв рүү гэр хорооллын 11 чиглэлээс 22 буухиа автобус иргэдэд үйлчилнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 Дүүргийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг хэрэгжүүлэх тухай албан даалгавар, календарьчилсан төлөвлөгөөний загварыг татан авч хэрэгжүүлнэ үү

Та Календарьчилсан төлөвлөөгөөний загварыг энд дарж үзнэ үү.

 

“Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг өнгөрсөн оноос нийслэлийн гэр хорооллын 20 байршилд хэрэгжүүлж  эхэлсэн.  Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 7/29, 12/43 тогтоол, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу тухайн төслийг хэрэгжүүлэхээр санал ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийг төслийн удирдах хороо шалгаруулж, эцсийн байдлаар төсөлд хамрагдах нутаг дэвсгэрт оршин сууж буй  иргэдийн санал хураалтаар шийдвэрлэж байгаа юм. Дээрх журмын дагуу иргэдээс олонхийн санал авч Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх  эрхтэй болсон дөрвөн аж ахуйн нэгжид нийслэлийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэх “Батламж” гардууллаа. 

 

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхээр зориг гаргасан та бүхэнд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Хэдийгээр уг төслийг хэрэгжүүлэхэд олон бэрхшээл тулгарах ч нийслэлийн удирдлагууд та бүхэнд эрх үүргийнхээ дагуу тусалж, хамтын хүчээр энэ түүхэн бүтээн байгуулалтыг хойч үедээ хүлээлгэн өгөх болно гэдэгт итгэж байна“ гэдгийг онцлон хэлсэн юм.
Батламж гардан авснаар Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7-р хорооны нутаг дэвсгэр дэх Ханын материал орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, 47,5 га газарт  "ЖиДи" ХХК,  Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр дэх Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, 11,5 га газарт "Назу групп" ХХК, Баянзүрх дүүргийн 13, 14-р хорооны дэсвгэр, Орон сууцны 14-р хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 12,1 га газарт "Бэрэн групп" ХХК,  Чингэлтэй дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр Дэнжийн 1000 орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 50,2 га газарт "Өндөр буянт" ХХК гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал 2014 оны 01 сарын 10-ны өдөр “Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн цэвэрлэгээний ажлын удирдамж”-ийг батлан гаргалаа.  Удирдамжийн дагуу 2014 оны 01 сарын 18 буюу энэ бямба гарагийг бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр болгож, 01 сарын 19-нөөс 02 сарын 05-ны өдрүүдэд эрчимжүүлсэн цэвэрлэгээ хийхээр болжээ. Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн 9 дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллага, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллага, хороо, СӨХ, иргэд оролцох юм. 

 

Иргэд өөрсдийн амьдарч буй орон сууц, хашааны гаднах талбайн хогийг цэвэрлэх бол аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11-р сарын 13-ны өдрийн 61-р тогтоолоор заасан орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг хийнэ. Тодруулбал автозам, явган хүний зам талбайн цас, мөсийг цэвэрлэж халтиргаа гулгааг арилгах,  нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэрлийн шонгийн доор үүссэн хог, орон сууц, гэр хорооллын дунд, гуу жалганд үүсэж хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх юм.  Мөн их цэвэрлэгээнд их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн ажилтан, суралцагчдыг хамруулахаар болсон байна. Харин аж ахуйн нэгж, айл өрхийн хог хаягдлыг уртасгасан цагаар ачихаар зохицуулалт хийжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

Сонгинохайрхан дүүргийн ХАААлбанаас Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.4 заасныг үндэслэн дүүргийн иргэдийг Худалдан Авах Ажиллагааны мэргэшүүлэх сургалтанд хамрууллаа. Сургалтанд дүүргийнхээ 32 хорооны иргэдээс 38 иргэнийг хамруулсан бөгөөд сургалт хоёр ээлжээр хичээллэж 2014 оны 1 сарын 6 – аас 2014 оны 1 сарын 11 хүртэл үргэлжлэх юм.

 

Сонгинохайрхан дүүргийн  Засаг даргын 2013 оны Нийгэм, эдийн засгийн зорилтод дүүргийн Усан спорт сургалтын төвтэй болохоор тусгагдсан байсан. Энэхүү Усан спорт сургалтын төв өнгөрсөн Баасан гаригт буюу 1 дүгээр сарын 10-ны өдөр ашиглалтад бүрэн орж үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Иргэдийн эрүүл мэнд, чийрэгжилтэд томоохон хувь нэмэр оруулах Сонгинохайрхан дүүргийн анхны Усан спорт сургалтын төв нь 17-р хорооны нутаг дэвсгэр 32, 33 дугаар байрны дунд баригдсан бөгөөд өдөр бүрийн 08:00-21:00 цагийн хооронд ажиллаж байгаа юм.  Эрүүл биед саруул ухаан оршдог. Эрүүл байж саруул сэтгэхийг хүсэгч иргэн та энэхүү төвөөр өргөнөөр үйлчлүүлээрэй.

 

Төрийн өмчийн хорооноос өмчийн программ шинэчлэгдсэнтэй холбоотой Нийслэлийн Өмчийн харилцааны газартай хамтран 2014 оны 1-р сарын 10-ны 13 цагт дүүргийн нийт төсөвт байгууллагуудын нягтлан бодогчдын дунд сургалт зохион байгууллаа. Сургалтанд нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтнүүд болон  70 гаруй нягтлан бодогч оролцлоо.

 

УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэлийн ИТХ-ын 2013 оны 7/29, 12/43 тогтоолоор “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төслийн 2-р ээлжийн найман байршилд төсөл хэрэгжүүлэхээр 21 компани 31 санал ирүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын А/164 тоот захирамжаар батлагдсан ажлын хэсэг санал тус бүрийг үнэлэн “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу эхний шалгуурыг хангасан 12 компанийг шалгаруулжээ.

 

Эдгээр 12 компаниас иргэдээс санал авч эцсийн байдлаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах юм. Санал авах ажиллагааг 01 сарын 11-ний өдөр /Бямба гараг/ 09-19 цагийн хооронд зохион байгуулна. Энэхүү санал хураалтад дахин төлөвлөлтөд багтсан нутаг дэвсгэрт амьдарч буй иргэд оролцох бөгөөд иргэн бүрийн оролцоо чухал юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Жич: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2-р ээлжийн найман байршилд иргэдээс санал авахаар шалгарсан аж ахуйн нэгжүүдийн нэрс болон санал хураалт болох газрын байршлыг танилцуулж байна.

·         Сонгинохайрхан дүүргийн 28-р хорооны хурлын танхимд, ТОБ групп ХХК
·         Сүхбаатар дүүргийн 15-р хорооны Иргэний танхимд, Цэлмэг Ази Констракшн ХХК
·          Хан-Уул дүүрэг, 4-р хорооны байр, Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ
·         Багануур дүүрэг5-р хорооны хурлын танхим, Их наяд хөгжил ХХК
·         Чингэлтэй дүүрэг 10-р хорооны байр,/А блок/ Бармон ХХК
·         Чингэлтэй дүүрэг 9-р хорооны байр /Б блок/Эрэл ХХК
·         Баянзүрх дүүрэг97-р сургуулийн заал, Их өргөө ХХК
·         Сонгинохайрхан дүүрэг 20 –р хорооны байр /А блок/ Хас харш ХХК
·         Сонгинохайрхан дүүрэг 42-р сургуулийн зааланд /Б блок/ Стандарт Капитал ХХК
 

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах зорилготой үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг зах зээлийн үнээс хямдаар худалдаалах “Саян-Уул” ХХК-ийн санал санаачлагыг нийслэлээс дэмжин дүүргүүдийн нутаг дэвсгэрт хүн амын нягтрал, зах зээлийн эрэлт хэрэгцээг тооцон гаргасан 7 түр байршилд махны төрөлжсөн худалдааны цэг байгуулахаар болсон. Хан-Уул дүүргийн 19-р үйлчилгээний төв, СХД Цамбагарав худалдааны төвийн өмнөх талбай, Баянзүрх дүүрэг Шинэ Монгол сургуулийн хойд талд эхний цэгүүдийг байрлууллаа.  Эдгээр цэгүүдэд  үйлдвэрийн аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүнийг Хүртээмжтэй хүнс-баталгаат байдал дэд хөтөлбөрийн дагуу Хүчит шонхор захын үнээс 500-1000 төгрөгөөр хямдаар иргэдэд худалдаалах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2014 оны 01-р сарын 06-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулах тухай А/1070 тоот захирамж гаргасан. Захирамжийн дагуу цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2014 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллаж байна.  Дүүрэг, хороодод цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулж байгаа бөгөөд  бүртгэлийн ажил өнөөдрөөс бүх дүүрэгт эхэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.