Видео

2014 оны 01 дүгээр сарын 08-ны Лхагва гаригийн 13:00-17:00 цагийн хооронд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Шинэчлэлийн Засгийн газрын Иргэдийг хүлээн авах төв дээр ажиллаж тус төвийн 11-11 шууд утсанд холбогдсон Сонгинохайрхан дүүргийн иргэдийнхээ санал хүсэлт, гомдлыг хүлээн авна. Сонгинохайрхан дүүргийн иргэд та бүхэн Монгол Улсын хууль тогтоох байгууллагад өөрсдийн төлөөлөл болгон илгээсэн гишүүндээ шууд хандаж санал хүсэлтээ илэрхийлэх энэхүү боломжийг идэвхитэй ашиглан оролцохыг хүсье.

 

 

Тус хорооны нутаг дэвсгэрт Барилга хот байгуулалтын яамны хөрөнгө оруулалтаар Хилчин хотхонд амьдарч байгаа 168 айл өрхүүдийг инженерийн шугам сүлжээнд холбох, авто замын болон явган хүний зам тавих төслийн эхний шатны ажил амжилттай явагдаж байна.

 Төслийн зорилго нь  иргэд өөрсдийн санал санаачлага оролцоотойгоор газраа шинэчлэн зохион байгуулж, дэд бүтэцтэй болох айл өрхүүд   хувийн өмчилсөн газраа нийлүүлж газар ашиглалтаа сайжруулах замаар нийтийн эзэмшлийн зам талбайтай болоход чиглэж байгаа.       

 

Төвийн инженерийн шугам сүлжээний эх үүсвэрээс  алслагдсан гэр хороололд шугам сүлжээг хэрхэн бие даасан шийдлээр орчин үеийн дэвшилтэт технологиор холбож болохыг харуулахаар Атмор компанийхан ажиллаж байна.

Уг ажилд хорооны Хилчин хотхоны иргэдийн идэвхи санаачлага, хичээл зүтгэлийн дүнд  өөрсдийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлөө бий болгож чадлаа.

2013 оны 12 сарын 28-ны өдөр  “Шинэ Хилчин хороолол” анхныхаа шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлж, Атмор ххк-нь оны шилдэг ажилчдаа тодруулж,  идэвхи санаачлага гаргасан иргэдийг  ДИТХ-ын даргын өргөмжлөлөөр шагнаж урамшуулав.

Иргэд хоорондоо зөвшилцсөний дагуу өөрсдийн өмчилж буй газраасаа тодорхой хэмжээг гарган өгч авто зам болон явган хүний замтай болов.

Айл өрх болгон руу орсон авто зам, явган хүний зам.

Айл өрх болгоны байшинг дулаалгын фасадаар, мөн нэгдсэн хашаагаар жигдэрсэн байдал

“Шинэ Хилчин хороолол”-ын анхны Шинэ жилээр Барилга хот байгуулалтын яамны дэд сайд Г.Байгальмаа ирж мэндчилгээ дэвшүүлэв.

Идэвхи санаачлага гаргаж ажилласан иргэдээ ДИТХ-ын даргын өргөмжлөлөөр шагнаж урамшуулав.

Өнөөдөр улс дүүрэг, нийгэмдээ үр бүтээлтэй ажилласан иргэдийн төрийн дээд болон дүүргийн Засаг даргын шагналыг хүртээлээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 102 жилийн ойг тохиолдуулан төр захиргаа, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, батлан хамгаалах, мал аж ахуй, хөдөө аж ахуй, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн одон медалиар шагнасныг Иргэний танхимд гардууллаа.

 

Мөн 2013 оны дүүргийн тэргүүний байгууллага хамт олон, ажилтан, албан хаагчдыг шагнаж урамшуулсан юм. Дүүргийн 2013 оны тэргүүний  сургуулиар Ш.Сарантуяа захиралтай 62 дугаар сургууль, тэргүүний цэцэрлэгээр Ө.Туул эрхлэгчтэй 127 цэцэрлэг, тэргүүний хэлтсээр Г.Гэрэлмаа даргатай Хөдөлмөрийн хэлтэс, тэргүүний эрүүл мэндийн байгууллагаар 24 дүгээр хорооны “Баянбэгэр” өрхийн эмнэлэг тус тус шалгарлаа. Энэ үеэр дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”, өргөмжлөлөөр 10 гаруй иргэнийг шагнаж урамшуулсан юм.

Дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хоёр давхар цогцолбор байрыг энэ оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс барьж эхэлсэн бөгөөд төлөвлөсөн хугацаандаа улсын комисст хүлээлгэн өгснөөр өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд дүүргийн Засаг дарга М.Чинболд, ЗДТГ-ын Захиргаа хуулийн хэлтсийн дарга А.Пүрэвсүрэн болон албаны бусад төлөөлөгч оролцсон.

Дүүргийн 9 дүгээр хороонд баригдсан тус цогцолбор барилгыг 1,5 тэрбум төгрөгийн нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Бутангууд констракшн” ХХК барьж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөв. Тус хэлтэс нь дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг сахиулах үйл ажиллагааг эрхлэн ажиллаж байна.

 

 

 

Бэлэн байдлыг хангуулах, ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр томилох тухай

 

2013-2014 оны хичээлийн жилд сурлага, урлаг, спортоор бусдыгаа манлайлан онцгой амжилт гаргасан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар дүүргийн “Иргэний Танхим”-д хүлээн авч уулзлаа.

Оны шилдэг сурагчаар Хөгжим бүжгийн коллежийн сурагч Эрдэнэбатын Урандэлгэр, Ирээдүй цогцолборын II бага сургуулийн 5-р ангийн сурагч Доржсүрэнгийн Намуун, 65-р сургуулийн 11а ангийн сурагч Дэнсмаагийн Баярмаа, Ирээдүй цогцолборын I бага сургуулийн 5-р ангийн сурагч Гантуяагийн Хонгорзул, Ирээдүй цогцолборын 1-р ахлах сургуулийн 10в ангийн сурагч Даваажавын Сондор, 86-р сургууль 7б ангийн сурагч Гантулгын  Баттулга, Ирээдүй цогцолборын 2-р бага сургуулийн 4ё ангийн сурагч Ламзавын Адъяабазар, 9-р сургуулийн 10-р ангийн сурагч Тавинтайн Болдсайхан, 76-р сургуулийн 6д ангийн сурагч Батцэцэгийн  Жаргалмаа, 67-р сургуулийн 11г ангийн сурагч Өлзийбаярын Болор-Эрдэнэ нар тодорлоо.

 

“ОНЫ ШИЛДЭГ” сурагч нарт Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар баяр хүргэж, “Баярын бичиг” мөнгөн  шагналаар шагнаж, амжилт хүслээ.

 Баярын бичигт “Өөрийн хичээл зүтгэл, оюун ухаан, авьяас билгээр үе тэнгийнхээ хүүхдүүдийг манлайлж, сурлага, урлаг, спортын өндөр амжилт гаргасанд тань талархаж Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “БАЯРЫН БИЧИГ”, үнэ бүхий зүйлээр шагнав” Оюун ухаан, авьяас билэг тань хурц байж, од хийморьтой гэрэлтэж явах болтугай гэжээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар  шилдэг хүүхдэд нэр дэвшсэн 16 хүүхдэд гарын бэлэг гардуулж цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.

 

 

Сонгинохайрхан дүүргийн “Иргэний танхим”-д 12 дугаар сарын 23-ны өдөр тус дүүргийн 32 дугаар хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөртөө туслах бүлгийнхэн “Канад сан”-гийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийн нээлт боллоо. Нийтдээ 9000 канад долларын хөрөнгө оруулалтаар 3 сарын хугацаанд хэрэгжүүлэх төслийн нээлтэд 32 дугаар хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөртөө туслах бүлгий ахлагч Д.Одонтунгалаг болон бүлгийн гишүүд оролцож, төслийн хугацаанд хийж гүйцэтгэх ажлаа танилцуулсан. Мөн дүүргийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Нямбаяр, тус хэлтсийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Саранцэцэг, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Р.Отгонбаяр, 32 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Н.Очир, тус хорооны халамжийн нийгмийн ажилтан Б.Даваахүү нар урилгаар оролцов.

 

Сонгинохайрхан дүүрэгт нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 16 аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд оролцсон “Олон үндэстний хоолны өдөрлөг” болов. Дүүргийн Засаг даргын 472 дугаар захирамжийн дагуу  Олон үндэстний хоол, ундааны соёл, өвөрмөгц жор технологи, үндэстний онцлог, хэв шинж, тогооч нарын мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний онцлог, арга барилын талаар харилцан туршлага солилцуулах сургалтыг зохион байгуулах, олон үндэстний уламжлалт болон орчин үеийн хоол, ундааг иргэдэд сурталчлан таниулж, шилдэгийг нь шалгаруулах зорилгоор зохион байгуулсан тус өдөрлөгийг “Одод” ресторанд зохион байгууллаа.

 

Өдөрлөгт оролцсон аж ахуйн нэгжийн тогооч нар Орос, Унгар, Итали, Хятад, Солонгос, Япон үндэстний салат, нарийн боов, хоол хийж сонирхуулан, тэднээс шилдгүүдээ тодруулсан юм. Дүүргийн 2013 оны “Эрүүл зөв хоолыг эрхэмлэгч ресторан“-аар “Дархан хүч комплекс” ХХК-ийн “Кристалл” ресторан, “Шилдэг тогоочтой хамт олон”-оор “Цэгц шагай” ХХК, “Шилдэг ур чадварлаг тогоочтой хамт олон”-оор “Эм Эйч Ти Эс” ХХК, “Шилдэг зохион байгуулалттай хамт олон”-оор 105 дугаар цэцэрлэг шалгарч Засаг даргын өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнуулав.

Энэ үеэр ШУТИС-ийн Хүнсний инженер биотехнологийн сургуулийн Хоол үйлдвэрлэл шим судлалын профессорын багийн ахлах багш, доктор н.Цэрэнпүрэв “Хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, арга барил” сэдвээр, ЭМН-ийн Эмчилгээний хоол зүйч н.Оюунсувд “Хоол шим тэжээлийн боловсрол олгох төв”-ийн үйл ажиллагааны талаар, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын зөвлөх төвийн Монгол улсын зөвлөх инженер, мастер тогооч Ө.Отгонбат “Тогооч нарын ур чадварыг үнэлэх, шалгах баталгаажуулах” сэдвээр тус тус илтгэл тавьсан байна.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам” баталлаа. Энэхүү журам батлагдсанаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх, үр дүнг тооцох, нийслэлээс гаргах бодлого, шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, нээлттэй, шуурхай, ил тод байдлыг бүрдүүлэх боломжтой болох юм.

 

Нийслэлээс төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй болгох зорилгоор цахим өргөдөл гомдлын системийг нэвтрүүлж эхэлсэн төдийгүй нэг цэгийн үйлчилгээг эхлүүлэхээр “Иргэд хүлээн авах төв”-ийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтэцэд шинээр байгуулсан юм. Шинээр баталсан журамд иргэд өргөдөл, гомдлоо “Иргэд хүлээн авах төв, Засгийн газрын “11-11” төв”, нийслэлийн лавлагаа, мэдээллийн төв”-ийн “1200” тусгай дугаарын утсаар,  www.ub1200.mn цахим хуудсаар, Ухаалаг гар утасны Smart UB аппликейшнээр, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаар,  Мессеж /SMS/ болон бусад хэлбэрээр ирүүлэх боломжтой гэж заасан байна. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан хаагчид өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш нэмэлт баримт, мэдээлэл бүрдүүлэх шаардлагагүй, өөрт байгаа мэдээлэл, олгогдсон эрх, үүргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой өргөдөл, гомдлыг ажлын 8 цагийн дотор нэмэлт баримт, мэдээлэл бүрдүүлэх, өөр байгууллага, албан тушаалтнаас тодруулга, лавлагаа авч, судалж шийдвэрлэх өргөдөл, гомдлыг ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэхийг эрмэлзэнэ гэж журамд заажээ. Харин шалгаж тодруулах шаардлагатай, мөн тодорхой ажиллагаа хийгдэх боловч ажлын хэсэг болон зөвлөл, комисс, хорооны хурлаар хэлэлцүүлэх шаардлагагүй өргөдөл, гомдлыг анх бүртгэсэн өдрөөс хойш ажлын 15 хоногийн дотор тус тус хянан шийдвэрлэхийг эрмэлзэнэ гэж тусгасан байна. Хэрвээ тухайн өргөдөл гомдол нь газар дээр нь нягтлан шалгах, судалгаа хийх, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах шаардлагатай, ажлын хэсэг болон зөвлөл, комисс, хорооны хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэх өргөдөл, гомдлыг анх бүртгэсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр журамд заажээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.