БСШУСЯ-ны харъяа Насан Туршийн боловсролын үндэсний төвийн мэргэжилтэн С.Ундрал, н.Эрдэнэчимэг нар Сонгинохайрхан дүүргийн Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, зөвлөн туслахаар 2 өдөр ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явууж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн удирдлагуудад Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, тогтоомж, нийтээр дагаж мөрдөх бусад шийдвэрүүдийн талаар сургалт хийлээ.

Тэд одоогийн байдлаар нийт 16 хорооны 700 гаруй иргэн, аж ахуйн нэгжид уг сургалт, хэлэлцүүлгийг хийгээд байна. Мөн тус хэлтсийн дарга Л.Тулгабаатар орчин үеийн худалдаа, үйлчилгээний чиг хандлага сэдвээр сургалт, хэлэлцүүлэг хийж худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн саналыг сонсож байна.

Сонгинохайрхан дүүрэг 1999 оноос эхлэн Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж эхэлсэн түүхтэй. Энэ онд хамтын ажиллагаа эхлүүлсний 20 жилийн ой тохиож байна.

Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс”, “Жайка”, “Хүүхдийг ивээх сан”-гийн төслийн хүрээнд нийгэмд чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээнүүд хийгдэж байна. Тухайлбал “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 1999 онд эмнэлгийг сайжруулах төсөл, 2013 онд 74 дүгээр сургуулийн дотуур байрны их засвар, 2017 онд 117 дугаар цэцэрлэгийн засварын төсөл зэрэг томоохон хөрөнгө оруулалтын 7 ажил хийгдэж, 20 жилийн хугацаанд 470.563 ам.доллар зарцуулсан байна.

Харин өнөөдөр “Өвсний үндэс” төслийн хөрөнгө оруулалтаар 92 дугаар цэцэрлэгийн засварыг хийх гэрээ байгуулж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, Засаг даргын орлогч Д.Ундармаа нар гарын үсэг зурлаа.

Уг арга хэмжээ нь 11 мянга гаруй хүн амтай хорооны 0-5 насны 1589 хүүхдийн сургуулийн өмнөх боловсрол эзэмших, хүмүүжих орчны эрүүл, аюулгүй байдлыг хангаж, сургалтын таатай нөхцлийг бүрдүүлж байгаа ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчид 2016 оноос хойш олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр олон хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур, өрх толгойлсон ээжид өргөө цагаан гэр өгдөг уламжлал тогтоосон.

Энэ жил 14 дүгээр хорооноос сонгогдсон Төлөөлөгч Х.Эрдэнэтуяа өөрийн сонгогдсон тойргийн 5 хүүхэдтэй, өрх тойлгойлсон ээж Дарам овогтой Отгончимэгт өргөө цагаан гэрийг хүлээлгэн өглөө. Энэхүү арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчид, мөн энэхүү арга хэмжээг ивээн тэтгэж хамтран ажилладаг “Дийманд Би Эс” ХХК-нийн төлөөлөл оролцлоо.

"Монголын оюутны эрхийн өдөр"-ийг тохиолдуулан "ЗАЛУУСЫН ЭЕРЭГ МАНЛАЙЛАЛ -2" хэлэлцүүлгийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт "Оюуны чадвар" төвийн захирал лектор Г.Мөнгөн хүрэлцэн ирж маргаашийнхаа төлөө хэрхэн хөрөнгө оруулалт хийж хуримтлал бий болгох талаар болон санхүүгээ хэрхэн зөв удирдах вэ зэрэг сэдвээр өөрийн хэрэгжүүлдэг өдөр тутмын зөв дадал зуршилаас ярьж үнэ цэнэтэй лекцээ сонсголоо.

Нээлттэй хэлэлцүүлэгт “Чингис Соосэ” Олон Улсын Их Сургууль, “Ач” Анагаах Ухааны Их сургууль, “Шинэ Анагаах Ухаан“ Их Сургууль, “Монос” Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль зэрэг сургуулиудын оюутны холбоод хамтран нийт 200 гаруй оюутан залуучуудыг хамрууллаа.

Хэлэлцүүлгээр цаашид залуучуудын хөгжил, оролцооны чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар болон оюутан, залуучуудын сайн дурын үйл ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх талаар харилцан санал солилцож, Залуучуудын хөгжлийн төвийн дэргэдэх сайн дурын клуб байгуулж, оюутан залуучуудын санал, санаачилгыг дэмжин, хамтран ажиллахаар болов.

Дүүргийн архивын тасгаас Нийслэлийн архивын газартай хамтран Албан хэрэг хөтлөлтийн онол арга зүй, E doc системийн ашиглалт хэрэглээ” сургалтыг 62 дугаар сургууль дээр зохион байгууллаа.  

Сургалтад дүүргийн 150 байгууллагын 200 гаруй бичиг хэргийн ажилтан хамрагдсан. Дүүргийн архивын тасгийн дарга Д.Батхуяг сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Аливаа байгууллагын үйл ажиллагаа албан хэрэг хөтлөлтөөр дамжин явагддаг. Иймд энэ онд дүүргийн байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх ажлыг тогтмолжуулж, чанаржуулах зорилт тавин ажиллаж байна” гэж онцлон тэмдэглэв.

       Нийслэлийн архивын газрын мэргэжилтэн Батсүх, Болорчимэг, Төрмөнх нар сургалтыг явуулж, бичиг хэргийн ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.

Засаг дарга Ж.Сандагсүрэн өнөөдөр байгаль хамгаалагч нартай уулзаж, тэдний ажлын нөхцөл байдал, цаашид хамтарч юун дээр анхаарах талаар ярилцлаа.

Мөн морьтой эргүүлүүдийг урамшуулах, хувцас хэрэглэлээр жигдрүүлэх ажлыг зохион байгуулах. Тухайн хорооны удирдлагуудыг байгаль хамгаалагч нартайгаа уялдаа холбоотой ажиллуулах талаар арга хэмжээ авахаар боллоо.

Түүнчлэн Засаг дарга хаврын хуурайшилтын үед дүүрэг орон нутаг, онцгой байдлын алба болоод хүн бүр сонор сэрэмжтэй байж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг онцоллоо.  

Урин дулаан цагт Нийслэлчүүд тэр дундаа Сонгинохайрханчуудын толгойны өвчин болсон төв цэвэрлэх байгууламжийн асуудал шийдэгдэх нь. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдах шинэ цэвэрлэх байгууламжын шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Одоо ажиллаж байгаа цэвэрлэх байгууламж хоногт 160 метр/куб бохир ус хүлээн авдаг бол шинэ байгууламж хоногт 250 мянган метр/куб бохир ус хүлээн авах хүчин чадалтай болох бөгөөд төсөл 3 жилийн хугацаанд үргэлжилж, 2022 онд ашиглалтад орох юм.

            Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ундны эх үүсвэр болсон Туул гол болон хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, ажлын байр нэмэх, хүн амын ажиллах амьдрах таатай нөхцөл бүрдүүлэх зэрэг нийгэм, эдийн, засаг, экологийн онцгой ач холбогдолтой юм.

Сонгинохайрхан дүүрэгт 2018 оны эцсийн байдлаар 8220 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 1000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий гэсэн тоон мэдээлэл бий.

Харин дүүргийн удирдлагууд тэдний эрх ашгийг хамгаалах, хөгжүүлэх зорилгоор дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд хуучин “Капитал” банк байрлаж байсан байрыг стандартын дагуу засварлаж, “Хөгжлийн төв” байгуулж байна. Төвийг байгуулах ажил 2018 оны 11 сараас эхэлсэн бөгөөд 2019 оны 03 сард ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар хийгдэж буй уг төвийг байгуулах ажилд “Good neighbors Мongolia” олон улсын байгууллага, “Натул” ХХК, “Тэсо” корпораци, “Монлабел” ХХК, “Тэнгэрийн унага” ХХК, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Х.Батмэнд зэрэг маш олон иргэн, аж ахуйн нэгж дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлснийг дурьдах ёстой.

 Уг төв ашиглалтад орсоноор эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагаа, сэтгэлзүйн болон мэргэжлийн сургалтууд, ганцаарчилсан, эмчийн болон хуулийн зөвлөгөө өгөх үйлчилгээ, хүүхдийн тоглоомоор дамжуулан нөхөн сэргээх үйлчилгээ зэрэг үйл ажиллагаа явагдах юм.

Засаг дарга Ж.Сандагсүрэн залуу үе,  хүүхэд багачуудыг соён гэгээрэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх гарц, цонх бол ном гэж үзэн, дүүргийн дөрвөн байршилд номын сантай цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг эхлүүлсэн.

            Уг төслийн хүрээнд 8-р хороонд 1 номын сан мөн 15-р хороонд 1 номын санг байгуулаад байна. Одоогийн байдлаар 8-р хорооны номын сан үйл ажиллагаа нь жигдэрсэн хэвийн ажиллаж байгаа бол 2-р хорооны номын санд номын фонд бүрдүүлэх зорилгоор “Ном хандивлах” аяныг эхлүүлээд байна.

            Эхний ээлжинд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон ЗДТГ-ын хэлтэс албадын дарга нар энэхүү аянд нэгдэж,  бие биенийгээ ном хандивлахыг  уриалан байна. 

Гэхдээ уг аян зөвхөн дүүргийн ажилтан, албан хаагчдаар хязгаарлагдахгүй бөгөөд ном бэлэглэсэн хүн дараагийн гурван хүнийг challenge-д дуудах замаар цахим ертөнцөд үр дүн сайтай өрнөж байна.

Аян эхлэсэн эхний өдрүүдийн байдлаар ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, төлөөлөгч Э.Ниндэв, Д.Ундармаа, О.Ганбаатар, С.Мөнхбат, Б.Гантуяа, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Л.Тулгабаатар нар нэгдэж дараагийнхаа хүнийг дуудсан бөгөөд 300 орчим ном цуглараад байна.