Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал 2014 оны 01 сарын 10-ны өдөр “Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн цэвэрлэгээний ажлын удирдамж”-ийг батлан гаргалаа.  Удирдамжийн дагуу 2014 оны 01 сарын 18 буюу энэ бямба гарагийг бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр болгож, 01 сарын 19-нөөс 02 сарын 05-ны өдрүүдэд эрчимжүүлсэн цэвэрлэгээ хийхээр болжээ. Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн 9 дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллага, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллага, хороо, СӨХ, иргэд оролцох юм. 

 

Иргэд өөрсдийн амьдарч буй орон сууц, хашааны гаднах талбайн хогийг цэвэрлэх бол аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11-р сарын 13-ны өдрийн 61-р тогтоолоор заасан орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг хийнэ. Тодруулбал автозам, явган хүний зам талбайн цас, мөсийг цэвэрлэж халтиргаа гулгааг арилгах,  нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэрлийн шонгийн доор үүссэн хог, орон сууц, гэр хорооллын дунд, гуу жалганд үүсэж хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх юм.  Мөн их цэвэрлэгээнд их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн ажилтан, суралцагчдыг хамруулахаар болсон байна. Харин аж ахуйн нэгж, айл өрхийн хог хаягдлыг уртасгасан цагаар ачихаар зохицуулалт хийжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.