“Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг өнгөрсөн оноос нийслэлийн гэр хорооллын 20 байршилд хэрэгжүүлж  эхэлсэн.  Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 7/29, 12/43 тогтоол, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу тухайн төслийг хэрэгжүүлэхээр санал ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийг төслийн удирдах хороо шалгаруулж, эцсийн байдлаар төсөлд хамрагдах нутаг дэвсгэрт оршин сууж буй  иргэдийн санал хураалтаар шийдвэрлэж байгаа юм. Дээрх журмын дагуу иргэдээс олонхийн санал авч Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх  эрхтэй болсон дөрвөн аж ахуйн нэгжид нийслэлийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэх “Батламж” гардууллаа. 

 

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхээр зориг гаргасан та бүхэнд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Хэдийгээр уг төслийг хэрэгжүүлэхэд олон бэрхшээл тулгарах ч нийслэлийн удирдлагууд та бүхэнд эрх үүргийнхээ дагуу тусалж, хамтын хүчээр энэ түүхэн бүтээн байгуулалтыг хойч үедээ хүлээлгэн өгөх болно гэдэгт итгэж байна“ гэдгийг онцлон хэлсэн юм.
Батламж гардан авснаар Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7-р хорооны нутаг дэвсгэр дэх Ханын материал орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, 47,5 га газарт  "ЖиДи" ХХК,  Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр дэх Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, 11,5 га газарт "Назу групп" ХХК, Баянзүрх дүүргийн 13, 14-р хорооны дэсвгэр, Орон сууцны 14-р хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 12,1 га газарт "Бэрэн групп" ХХК,  Чингэлтэй дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр Дэнжийн 1000 орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 50,2 га газарт "Өндөр буянт" ХХК гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.