Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэдийн төвлөрлийг сааруулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга Сар шинийг угтан авах зарим арга хэмжээний тухай А/09 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу томоохон зах худалдааны төвүүдийн замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулах, энэ хугацаанд гэр хорооллоос “Нарантуул” худалдааны төв рүү нийтийн тээврийн буухиа автобус явуулах зэрэг түр зохицуулалт хийхээр болсон.

 

Түүнчлэн сар шинийн баярын өдрүүдээр гэр хороололд үүсдэг замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад онцгой анхаарал хандуулан ажиллах, нийтийн эзэмшлийн гудамж, замын гэрэлтүүлгийг сайжруулах, гэр хорооллын гудамж, замын гэрэлтүүлгийг асаах,  гэрэлтүүлэггүй гудамжид шинээр гэрэлтүүлэг тавих зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас гэр хорооллын гудамж, замуудын гэрэлтүүлгийг нэг бүрчлэн шалгаж, шинээр гэрэлтүүлэг тавих шаардлагатай газруудыг судалжээ. Судалгаагаар Баянзүрх дүүргийн Маахуур толгойн 1,2-р гудамж, Улиастайн хуучин эцэст, Хан-Уул дүүргийн  6-р хороо Алтат нүхт гудамж, Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхон, Монлаагийн гудамж, Баянхошууны 10-р хороо Жанцангийн уулзвараас зүүн тийш 5 гудамж, мөн 8-р хорооны гудамжуудад гэрэлтүүлэг шаардлагатай нь тогтоогджээ. Тиймээс эдгээр газруудад нийт 144 гэрэлтүүлэг шинээр хийхээр боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.