Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, зарим дүүргийн Засаг дарга нар цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай ажлуудаа танилцууллаа.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд тус дүүргийн 62-р сургуулийн барилгын өнгөлгөөний тоосгон хана ялуутайгаа хөндийрч, унаж байгаа талаар мэдээлж, яаралтай засварлахад шаардлагатай 210 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Сонгинохайрхан дүүргийн 62-р сургууль нь 1975 онд байгуулагдсан.  

 

1-8-р ангийн 44 бүлэгт 1304 сурагч 51 багш, ажилчидтайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж эхэлж байсан бол одоо 2800 гаруй сурагч, 160 орчим багш ажилтантай ажиллаж байгаан байна. Тус сургуулийн барилгын зураг төслийг барилгын зургийн институтэд боловсруулж 1974 онд холболт хийсэн бөгөөд барилга угсралтын ажлыг хотын барилга трестийн 2-р контор гүйцэтгэж 1976 онд ашиглалтад оруулжээ. Сургуулийн барилга нь 920 хүүхдийн хүчин чадалтай 3 н давхар тэнхлэгээрээ 15м х 45м, 9.0м х 54м, 12м х30м –ийн хэмжээтэй 3 н блоктой П хэлбэртэй, угсармал бетон суурьтай, өнгөлгөөний тоосгон ханатай төмөр бетон нүхтэй хавтан хучилттай, хар цаасан хучлагат хавтгай дээвэртэй, халаалт цэвэр, бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон. Барилгыг ашиглалтад оруулснаас хойш дээвэр, цонх, дотор халаалт бохир усны систем, биеийн тамирын талбайн тохижилт,  гадна зам зэрэгт  хэсэгчилсэн  засвар хийгдэж байжээ.
Харин 12-р сараас хойш барилгад нуралт үүсч эхэлсэн байна. Яаралтай засварлахгүй бол өнгөлгөөний тоосго цүлхийж хөндийрсэн хэсэг, дахиад нурж болзошгүй 4 газар байгаа гэж дүүргийн Засаг дарга хэллээ.
Нийслэлийн Засаг дарга тус сургуулийн барилгын гэмтэл, нуралттай яаралтай танилцаж, урсгал засвар хийх үү эсвэл шинээр барих уу гэдгийг тодорхой болгож шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо.
Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав тус дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр 52 дугаар байрны арын төв зам доогуур хөндлөн хойд чиглэлд гардаг хэсэгт авто замын суулт өгсний улмаас  дулааны шугам дарагдаж гэмтэл гарсан талаар мэдээллээ.
Уг гэмтэл гарсны улмаас өвлийн ид ачааллын үед сүлжээний усны алдагдал нэмэгдэж, уур цан савссан байдалтай энэ өвлийг давжээ. Шугамын хэсэгт үзлэг шалгалт хийхэд эхний ээлжинд авто замын арын дулаан хуваарилах  худгаас урд чиглэлд 80м орчим хос шугам сүлжээ, арматур туслах төхөөрөмжийн хамт бүрэн шинэчлэгдэх шаардлагатай нь тогтоогдсон байна. Тиймээс энэ шинэчлэлийн ажлыг хийх 46 сая төгрөгийг нийслэлээс шийдвэрлэхийг Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав хүссэн юм.
Харин нийслэлийн Засаг дарга холбогдох албаныхныг газар дээр нь очиж танилцаж, шийдвэрлэхийг үүрэг болголоо.
Мөн Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав “Тус дүүрэгт эрчим хүчний хэмнэлттэй зуух 795 иргэнд өгсөн нь тодорхой үр дүнгээ өгч 2012 оноос 2013 онд агаарын бохирдлын хэмжээ буурч, сайжирсан үзүүлэлттэй гарсан. Өнөөдрийн байдлаар зуух авах шаардлагатай 4000 гаруй иргэн байгаа тул энэ асуудлыг судалж үзэн, шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэлээ.
Уг асуудалд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Эрчим хүчний хэмнэлттэй зуух тараах ажлыг өөр байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Багануур дүүрэгт зайлшгүй шаардлагатай иргэдэд ирэх намар олгоно” гэж хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Видео

Валютын Ханш

Санал хүсэлт илгээх