СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

   Сонгинохайрхан дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журамд өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Сонгинохайрхан дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Ихбаяр, Нийслэлийн захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Я.Бадмаа, Д.Эрдэнэцэцэг, Нийслэлийн цагдаагийн газрын хошууч Ч.Шинэчимэг болон Нийслэлийн татварын газрын ахлах байцаагч н.Батболд, н.Баярмаа нар оролцож, иргэд болон үйлчилгээ эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгжийн төлөөллүүдийн саналыг сонссон юм.

   

      Иргэдийн зүгээс орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа эрхэлж байгаа газруудыг цэгцэлж, стандарт тогтоох, мөн орон сууцны нэг давхарт өргөтгөл хийж, үйлчилгээ эрхлэх зэрэг асуудлыг журамд илүү нарийвчлан тусгах нь зүйтэй гэсэн саналыг хэллээ. Харин аж ахуйн нэгжүүдийн хувьд “Ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд согтууруулах ундаа заруулахгүй гэж байгаа нь хэтэрхий хатуу санагдаж байна, 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гээд заачихсан, бид ч гэсэн камер тавиад ажиллаж байгаа учраас хүүхдэд архи зарахгүй. Тиймээс энэ асуудлыг илүү нухацтай авч үзэх хэрэгтэй” гэдэг саналыг хэлж байлаа.