СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

     Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө оруулалтын банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлыг бууруулах үүднээс Баянхошуу, Сэлбэ, Долоон буудал орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх төслийг эхлүүлсэн.

Төслийн зохицуулагч Д.Авирмэд, төслийн дэд зохицуулагч Д.Мөнхжаргал нарын холбогдох албаны хүмүүс Баянхошуу дэд төвийн ажлын явцын талаар Сонгинохайрхан дүүргийн удирдлагуудад мэдээлэл өглөө. Энэ бүтээн байгуулалтыг Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан хөрөнгө оруулалтын 320 сая ам.доллараар санхүүжүүлэхээр тооцоолжээ.  

 

     Төслийн эхний үе шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулж,  иргэдийг түр суурьшуулах 50 айлын орон сууцны барилгыг 2 дэд төвд барьж ашиглалтад оруулна. Баянхошуу дэд төв нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Жанцангийн урд хэсэгт байрлах юм. Төслийн хүрээнд дэд төвүүдэд 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, 300 оюутан суралцах боломжтой МСҮТ, бизнес инкубатор төв, дулааны станц, усан сан, авто зам болон үйлчилгээний төв бүхий 50 айлын орон сууц зэргийг барихаар төлөвлөсөн. Сэлбэ дэд төвд 25.2 мб, Баянхошууны дэд төвд 16.8 мб хүчин чадалтай станц барих тооцоо бий.  

Тус төслийн ерөнхий зохицуулагч Л.Сайнтөгс “Эхний хоёр дэд төвийн ажил эхлээд жил орчмын хугацаа өнгөрч байна. Ерөнхий төлөвлөлт, зургууд хийгдээд хаагуур ямар зам тавих вэ гэдгээ төлөвлөсөн. Мөн халуун, хүйтэн, дулаан, бохир, цэвэр ус, цахилгаан холбооны дэд бүтцүүдийн зургууд хийгдсэн. Удахгүй сонгон шалгаруулалтын ажил эхлэх гэж байна. Дэд төв байгуулагдсанаар гэр хорооллын иргэд маань хотын төвийн байр руу хошуурах шаардлагагүй болно. Мөн хотын төвийг зорьсон хөдөлгөөнийг саармагжуулна" гэлээ.

 

Дараагийн ээлжид Хайлааст, Дэнжийн мянга дэд төвийг байгуулах юм байна.