СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

     Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Богины аманд түймэр гарсныг Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн цурманд оруулаад байна. Онцгой байдлын хэлтэс өчигдөр 11 цагийн үед гал гарлаа гэх дуудлагын дагуу шуурхай ажиллаж, 3 га газрыг хамарсан түймрийг унтраалаа.

     Галыг унтраахаар Онцгой байдлын хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангиуд ажилласан байна. Мөн нэмэлтээр нийслэлийн аврах гал унтраах анги, Сүхбаатар дүүргийн аврах гал унтраах 34 дүгээр ангийн нийт 132 хүн, 17 машин техникийн хүчээр галыг унтрааж, цурманд оруулсан байна.

    Галыг бүрэн цурманд оруулсан ч унанги мод, хөвд ихтэй газар учир уугилттай хэвээр байна. Тиймээс дүүргийн онцгой байдлын хэлтэс 70 хүн, 5 машинтайгаар ажиллаж байгаа.

    Хуурайшилт ихтэй энэ үед түймэр гарах магадлал их байдаг. Өнөөдөр Баянхошууны тойрогт байрлах “Тойрог” хүнсний дэлгүүрт гал гарсныг онцгой байдлын хэлтсийнхэн түргэн шуурхай ажиллаж унтраалаа.