СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Солонгосын Банкнуудын холбооныхон Сонгинохайрхан дүүргийн 42-р сургуульд компьютерийн иж бүрэн танхим тохижуулан өглөө. Уг танхимыг сургуульд хүлээлгэж өгч, нээлтийг нь хийх ажиллагаа өнөөдөр болсон бөгөөд БНСУ-ын банкнуудын холбооны ерөнхийлөгч Ха Ён Гү, Нарийн бичгийн дарга Юү Мүн Сон болон Олон улсын хэлтсийн дарга Паг Жин тэргүүтэй хүмүүс ирсэн юм. 

 Нээлтийн үеэр БНСУ-ын банкнуудын холбооны ерөнхийлөгч Ха Ён Гү “Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүдийг сонгосон нь учиртай. Монгол гэр хороолол ихтэй тэр дундаа алслагдсан гэр хорооллын хүүхдүүд гэртээ хөгжих боломж хомс байвал түүнийгээ сургууль дээрээ нөхөх ёстой. Тиймээс бид энэ сургуульд, сурагчидад хөрөнгө оруулалт хийхээр шийдэж сурагчидад зориулан 24, багшид 1 нийт 25 компьютер, ширээ, сандал гэх мэт зүйлсийн хамт иж бүрэн танхим байгуулж өглөө. Хүүхдүүд маань цаашид илүү сайн сурна гэдэг итгэлтэй байна” гэсэн юм.

             Харин Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа “Манай хүүхдүүдэд адил тэгш хөгжих боломж олгосон та бүхэнд баярлалаа. Хүүхдүүд маань ч та бүхний итгэлийг алдахгүй хичээнэ гэдэгт итгэлтэй байна” гээд Засаг даргын талархалыг гардуулав. 

               Дашрамд дуулгахад 42-р сургууль уг танхимаас гадна одоо ашиглаж байгаа компьютерийн танхимтай бөгөөд ингэснээр хоёр танхимд хүүхдүүд зэрэг суралцан хөгжих боломж бүрдэж байна.