СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс  цагдаагийн байгууллагын төрийн тусгай  албан тушаалын сул орон тоог тус албан тушаалд анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөх  мэргэшлийн шалгалтыг 2017 оны 09 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд  зохион байгуулах гэж байна.  

      Зарлагдаж байгаа ажлын байр /албан тушаал/-д тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангаж байгаа болон мөн хуульд заасан үндэслэлээр албанаас хүсэлтээрээ чөлөөлөгдсөн иргэд зарласан сул орон тоонд өрсөлдөхөөр бүртгүүлэх эрхтэй.

     Цагдаагийн төв байгууллагын харьяа нэгж, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, малын эмч, холбоо, мэдээллийн инженер, сүлжээний инженер, сантехникийн инженер, нягтлан бодогч, нярав, эргүүлийн болон харуулын цагдаа, цагдаа-жолооч, цагдаа зохицуулагч, мэдээлэл технологийн оператор, бичиг хэргийн эрхлэгч, архивч, архивч, бичээч, сувилагч, авто засварчин зэрэг нийт 292 ажлын байрыг нээлттэй зарлаж, иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах замаар сул орон тоог нөхөх гэж байна.

        Нээлттэй зарлаж байгаа ажлын байрны онцлогоос хамаарч мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага болон бусад тусгай шаардлага өөр өөр байна.

       Иймд зарласан ажлын байр тус бүрт тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, сул ажлын байрны тоог Цагдаагийн байгууллагын цахим хуудсанд байрлуулсан тул Та бүхэн  Энд дарж үзнэ үү.

 

                   Бүртгэл 2 үе шаттай явагдана. Үүнд:

 Нэгдүгээр үе шат:

     Цагдаагийн байгууллагын сул ажлын байранд өрсөлдөх Нийслэл хотын иргэд Нийслэлийн цагдаагийн газарт, орон нутгийн иргэд оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 29-ний  хүртэл хугацаанд бүртгүүлж, судалгаанд хамрагдана.

  

Хоёрдугаар үе шат: Судалгаанд хамрагдсан иргэдийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр /Даваа гараг/-ийн 09.00 цагаас Хамгаалалтын хоёрдугаар газар /хуучнаар Дотоодын цэргийн 05 дугаар анги/-т зохион байгуулагдах нэгдсэн бүртгэлд хамруулж, шалгалтад орох эрх олгоно.

Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

  •   Өргөдөл
  • Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);
  • Дээд боловсролын диплом; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Цагдаагийн мэргэжлийн сургалт төгссөн бол түүнийг гэрчлэх гэрчилгээ; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Эмчийн орон тоонд өрсөлдөх иргэдийн хувьд хүчин төгөлдөр эмчлэх эрхийн гэрчилгээ; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  •  3 үеийн түүх;
  • Бүрэн дунд боловсролтой бол түүнийг гэрчлэх албан ёсны баримт, сурагчийн хувийн хэрэг;
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  • Ажиллаж  байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа,
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • 3х4, 4х6 хэмжээний 4% зураг;

          Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна. 

 Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, зарлагдсан  ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй иргэдийг судалгаанд хамруулахгүй. Мөн цагдаагийн байгууллагад бүртгүүлж, судалгаанд хамрагдаагүй  иргэнд шалгалтад орох эрх олгохгүй болохыг анхаарна уу.

 Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

 Шалгалт Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу явагдана. Журмыг цагдаагийн байгууллагын гэсэн www.police.gov.mn цахим хаяг болон ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн facebook хаяг, орон нутгийн цагдаагийн байгууллагын цахим хаягууд дээр тус тус байршуулсан тул Та бүхэн бүртгэлтэй холбоотой болон холбогдох бусад мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцана уу.

Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн 70191043 дугаарын утсаар холбогдож,  лавлагаа, мэдээлэл авч болно.

  

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ