СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 Өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Сонгинохайрхан дүүрэгт нийт 153 үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнээс түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 33 тусгай зөвшөөрөл, 2378 га талбайд ашиглалтын 11 тусгай зөвшөөрөл 574.4 га талбайд нийт 44 тусгай зөвшөөрөл 2952.4 га талбайд олгогджээ. Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрлөөр хайрга, дайрганы тав, шаврын зургаан ордод олборлолтын үйл ажиллагаа явуулдаг.

 

Энэ үеэр сайд болон түүнтэй хамт яваа холбогдох албаны хүмүүс мөн дүүргийн удирдлагууд 8-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “Найрамдал” шаврын ордын нөхцөл байдалтай танилцсан юм. Уг хороонд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа тоосгоны үйлдвэр нь тоосжилт ихээр ялгаруулж, хүнд даацын машинууд гэр хорооллын дундуур ашигт малтмал зөөж буй нь тухайн орон нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөөр байгаа билээ.

 

Эл асуудлыг Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд анхааралдаа авч, асуудлыг нэн дариу шийдвэрлэх үүргийг холбогдох албаныханд өглөө. Цаашид салбарын яамнаас суурьшлын бүсэд үйлдвэрлэл эрхлэх ажлыг ойрын хугацаанд цэгцлэх ажлын хэсэг байгуулж, байгальд ээлтэй, орчин үеийн технологийн шийдэл бүхий үйлдвэрүүдийг бий болгох талаар анхаарлаа хандуулж ажиллан, хариуцлагатай уул уурхайд түшиглэсэн бодлого барин ажиллахаа мэдэгдсэн юм.