СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр 38-р цэцэрлэгт ажиллалаа. Тэрбээр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар цэвэр агаар” төслийн хүрээнд Баянхошууны эцэст байрлах 38 дугаар цэцэрлэгийн барилгыг дулаалж, дулаан алдагдлыг бууруулахаар гүйцэтгэсэн ажилтай танилцсан юм.

 

Тус цэцэрлэг нь 7 бүлэгтэй бөгөөд нийт 350 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог. Цэцэрлэгийн барилга цахилгаанаар халдаг хэдий ч модон цонхтой, нимгэн ханатай тул хүүхдүүд даарахаас эхлээд сургалтын орчин нөхцөл муу байсан.

Тиймээс “Улаанбаатар цэвэр агаар” төслийн хүрээнд тус цэцэрлэгт 20 ширхэг цонх сольж, 195 ам дөрвөлжин дээврийг хуулж дулаалан, дөрвөн ширхэг агаар сэлгэлтийн системийг шинэчилж, 334 ам дөрвөлжин талбай бүхий гадна ханыг дулаалсан.

38 дугаар цэцэрлэг нь агаарын бохирдол ихтэй бүсэд байдаг тул өндөр үр ашиг бүхий ХЕПА шүүлтүүрийн төхөөрөмжийг бүх анги, бүлэгтээ суурилуулсан байна. Ингэснээр 38-р цэцэрлэг нь халаалт болон дотоод орчны агаарын бохирдлын асуудлаа цогцоор нь шийдвэрлэж байгаа юм.

Цэцэрлэгтэй танилцсаны дараа тэрбээр баруун салаанд байрлах агаарын чанарын хяналтын 6-р харуулын байранд очиж гэр хороололд тэр дундаа утааны голомтын бүсэд агаарын чанарын үзүүлэлт ямар байгааг шалгасан юм.