УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын дэмжлэгтэйгээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны Жаргалант тосгонд байрлах 74 дүгээр дунд сургууль автобустай боллоо. Нийслэлийн алслагдсан сургууль сурагчдаа зөөхавтобустай болсон ёслолын ажиллагаанд Д.Сумъяабазар гишүүний зөвлөх Ж.Одбаяр, Нийслэлийн боловсролын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, Нийслэлийн Тээврийн газрын мэргэжилтэн Ч.Бадамханд, “Экобус” компанийн зөвлөх Д.Жаргалсайхан, 74-р сургуулийн захирал Ө.Энхцэцэг нарын хүмүүс оролцсон юм.

Хотын төвөөс 60 орчим км-т байрладаг 74-р сургуульд голдуу малчдын хүүхдүүд суралцдаг.Энэ хичээлийн жилд хол гэртэй 170 хүүхэд  сургуулийн дотуур байранд амьдарч байгаа аж. Эдгээр хүүхдүүд амралтын өдрүүдэд 100 гаруй км зам туулж гэр болон сургууль руугаа явдаг болохыг сургуулийн захирал ярьж байв. Бартаа ихтэй, хол замыг туулж сургуульдаа ирдэг хүүхдүүд хичээлээсээ хоцрох, таслах зэрэг үзэгдэл цөөнгүй байдаг аж. Иймд өнөөдөр Монголдоо угсарч үйлдвэрлэсэн, 24 хүүхдийн багтаамжтай тохилог автобустай болсондоо сургуулийн захирал маш их баяртай байгаагаа хэлж байв. Мөн тэрбээр хотын төвд болдог олимпиад, спортын уралдаан тэмцээн зэрэг арга хэмжээнд сурагчдаа оролцуулахын тулд хол газраас олон унаа дамждаг байсан бэрхшээл арилж байгааг онцлон хэллээ.

Тус автобусанд эвдрэл гэмтэл гарвал “Экобус” компани бүтэн жилийн хугацаанд хариуцан ажиллах юм.