Сонгинохайрхан дүүрэгт 5 хүртлэх насны хүүхдийн эндэгдэл сүүлийн 3 жилд буураагүй бөгөөд эндэгдлийн дийлэнх хувийг эрт нярайн эндэгдэл (7 хүртлэх хоногтой) эзэлж байна гэсэн судалгаа бий. 0-1 насны хүүхдийн эндэгдэл 2016 онд 79 тохиолдол, 2017 оны эхний 10 сард 74 тохиолдол, 1-5 насны хүүхдийн эндэгдэл 2016 онд 22 тохиолдол, 2017 оны 10 сард 20 буюу өссөн үзүүлэлттэй байна.

Тиймээс дүүргийн эх хүүхдийн эрүүл мэндийн өнөөгийн байдалтай танилцах, тусламж үйлчилгээг сайжруулах талаар цаашид хийх, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, салбар дундын хамтын оролцоог нэмэгдүүлэх, журам, албан даалгавар гарган хэрэгжилтийг хангаж, зөвлөмж гаргахаар зөвлөгөөн зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Одгэрэл “Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн одоогийн байдал”, Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Цэцэгээ “Хүрээ амаржих газрын талаар болон өнөөгийн байдал”, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхбаяр “Дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний талаар”, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Баянхошуу ОНХХ-ийн зохицуулагч Н.Цолмон “Дэлхийн зөн олон улсын байгууллага Сонгинохайрхан дүүрэгт явуулж буй үйл ажиллагааны талаар”, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Т.Булгантамир “Хүн амын шилжилт хөдөлгөөний талаар” тус тус мэдээлэл хүргэж сонирхсон асуултуудад хариулав.