Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах үүднээс нийслэлд дэд төвүүд байгуулж байгаа билээ. Тэгвэл Сонгинохайрхан дүүрэгт Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.

Үүний хүрээнд дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт үерийн хамгаалалтын барилга байгууламжийн 2.4 км далан сувгийн ажлыг "Хангилцаг" ХХК гүйцэтгэж байна.

Уг далангийн байгууламжийн үйл ажиллагаанд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар үерийн далан сувгийн ажил 20 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа мэдээлэлтэй байна.

Түүнчлэн тус хэлтсийн хамт олон газар шорооны ажил гүйцэтгэж байгаа ажилчид, инженерийн техникийн ажилтнуудад далан сувгийн хавтан угсрах, машин механизм техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ажилтнуудыг ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр өмсөж аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллах талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.