Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг хэвтэн эмчлүүлэх 165 ортой хэдий ч томуу томуу төст өвчний дэгдэлт ихэсдэг өвлийн улиралд дунджаар 300 орчим хүүхдийг хэвтүүлэн эмчилдэг.  

Бид эмнэлгийн  ашиглах боломжтой өрөө тасалгаануудыг бүгдийг нь тасаг болгож, корридортоо ор тавьж, хүүхдүүдээ хүлээн авч байна. Гэсэн хэдий ч шаардлагатай зарим тоног төхөөрөмжийн хүрэлцээ хомс.

Харин Biznetwork.mn-ний дэргэдэх “Алтан ураг” сан хүмүүнлэгийн 25 дах төслөө хэрэгжүүлж, Нэгдсэн эмнэлэгт 2 төрлийн 4 утлагын аппаратыг хүлээлгэн өглөө.

Өвлийн улирал эхэлж, утаа ихэссэнтэй холбоотой ханиад томууны дэгдэлт улам бүр ихэссэн. Энэ үеэр Улсын хүүхдийн эмнэлгүүд ачааллаа 80 орчим хувь хэтрүүлж эмчилгээ хийдэг учир зарим тоног төхөөрөмж хангалттай хүрэлцэхгүй байна.

Нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 90% нь амьсгалын замын цочмог халдвараар өвчилсөн 0-5 насны хүүхдүүд байна. Эдгээр хүүхдүүдэд утлагын аппаратын тусламжтайгаар эмийн бодисыг амьсгалын замд оруулж эмчилгээ хийснээр хурдан үр дүнгээ өгдөг.