Сонгинохайрхан дүүргийн 9, 62-р сургуулиуд сэтгэл зүйчийн жишиг өрөөтэй боллоо. “Канад сангийн орон нутгийн санаачлага” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад суугаа Канад улсын элчин сайдын яам “Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн” ТББ хамтран нийслэлийн 5 сургуульд уг жишиг өрөөг байгуулжээ.

Түүний 2 нь манай дүүргийн сургууль байгаа бөгөөд нөгөө 3 нь 72, 74, 85 зэрэг сургуулиуд аж. Сэтгэл судлаач ажиллах олон улсын стандартад нийцсэн тавилга, сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөөнд шаардлагатай техник болон сургалтын хэрэгсэл зэрэг шаардлагатай бүхнээр өрөөг тохижуулжээ.

Жишиг өрөө нь сэтгэл зүйч болон зөвлөгөө авч буй хүүхдийн хооронд итгэлцэл бий болгох, халуун дотно яриа өрнүүлэх, асуудлыг оношлох, сэтгэл засал хийх нөхцөл бүрдүүлсэн дуу чимээ нэвтэрдэггүй хана, зориулалтын ширээ, сандал, буйдан бүхий өрөө аж.

Сургууль бүрт сэтгэл зүйч ажиллах зайлшгүй шаардлага байгааг сургуулийн орчинд гарч байгаа зөрчилүүд, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын судалгаа, өсвөр насны сурагчдын гэмт хэрэгт холбогдох тохиолдол буурахгүй байгаа зэргээс харж болохоор байна.

Сэтгэл зүйч сургуульд ажилласнаар олон асуудлыг нээн илрүүлэх, урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн тусламж шаардлагатай сурагчдад мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт, таниулгын ажил зөвхөн сурагчдад бус багш нар, эцэг эхчүүдэд зохион байгуулдаг тул эерэг нөлөөллийг бий болгох боломжтой юм байна.

Нийслэлийн алслагдсан дүүргийн 30 гаруй сургуулиудад “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын санхүүжилтээр мэргэжлийн сэтгэл зүйчдийг ажиллууулж байгаа юм. Энэ төслийн хүрээнд, эрхийн зөрчлийг илрүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сурагчдын сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг илрүүлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой ажиллан, зохих үр дүнд хүрсээр байна.