Булган аймгийн Булган сум, Төв аймгийн Сэргэлэн сум, Орхон аймгийн Баян Өндөр сумдад гахайн мялзан өвчин гарсан болох нь тогтоогдоод байна. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг даргын орлогч О.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа. Дүүргийн хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 73 өрхийн 9450 гахай тоологдсон байна. Мөн дүүргийн хэмжээнд мах махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 27 ААН, худалдаа үйлчилгээ эрхэлдэг 1225 хүнсний дэлгүүр байгаа юм. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст үүрэг болголоо. Орон нутгаас ирж байгаа авто тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийн ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэст мөн үүрэг болголоо.

Гахайн сонгомол мялзан өвчин хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурах, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвсэлээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Бүх насны гахай мэдрэмтгий ба ялангуяа өсвөр насны гахай өвчилсөн тохиолдолд толгой дараалан үхэх эрсдэлтэй.

Үүсгэгчийн тэсвэрт чанар: Мялзан үүсгэгч вирус нь гадаад орчинд тэсвэртэй, гахайн цусны ийлдсэнд 11 хоног, 2-40С-д 4-6 сар, хөлдөөсөн маханд 2-4 сар, давсалсан маханд 1 жил хадаглагдана. 560С-д 60 мин буцалгахад агшин зуур үхнэ. Өмхийрсөн болон бууцанд 3-5 хоногийн дараа, хөрсөнд 1-2 долоо хоногийн дараа идэвхээ алдана. Химийн бодист мэдрэмтгий  болно.

Халдвар тархах зам: Зэрлэг болон тэжээвэр гахай, үүлдэр, нас, хүйс харгалзахгүй өвчилнө. Өвчтэй юмуу өвчилж эдгэрсэн гахай халдварын эх уурхай болох бөгөөд тэдгээрийн шээс, баас, салст шүүрдэс, сүү, үртэй хамт ялгаран гарсан вирусээр бохирдсон зогсоол, хашаа саравч, бууц, хэвтэр, ус, тэжээл, бэлчээр, тоног хэрэгсэл, хүний хувцас, гутал, тээврийн хэрэгслээр дамжин халдвар тархана. Өвчилж эдгэрсэн гахай 3-10 сар тээгч болдог. Шаардлагаар нядалсан гахайн мах, гулууз, дотор эрхтэн халдвар тархах нөхцөл болно. Шавьж, шувуу, мал, амьтан, нохой, мэрэгчид механикаар дамжуулна. Мал эмнэлгийн хяналтгүйгээр гаднаас гахай авснаар халдвар тархаж болно. Халдвар тэжээл боловсруулах болон амьсгалын зам, арьсаар дамжихаас гадна хавьтлын замаар халдварлана. Улирлын шинж чанаргүй байх ба богино хугацаанд бүх насны гахайг хамарч үхлийн хувь өндөр байна.

          Өвчний эмнэл зүйн  шинж тэмдэг: Өвчний нууц үе үүсгэгчийн хожуу чанар, гахайн мэдрэмтгий байдлаас шалтгаалан 3-9 хоног байдаг ч заримдаа 12-20 хүртэл хоног үргэлжилнэ. Өвчин нь хэт цочмог, цочмог, цочмогдуу, архаг ба хэв шинжит бус явцтай байна.

Өвчилсөн гахайн биеийн халуун 41.5 -42.00 С хүрч 7-8 хоног болно. 8-9 дэх хоногт биеийн халуун 40- 40.50С хүртэл буурах ба өвчний эхний үед тэжээлийн дуршил хэвийн байж байгаад 2-3 дахь хоногт тэжээл усандаа дуршилгүй болно. Бөөлжих, баас хатах, цустай чацга алдах шинж тэмдэг ажиглагдахын дээр зовхи үрэвсэх, нүднээс идээтэй нуух гарах, хамраас цус юм уу, идээ, салс гоожно. Өвчтэй гахай хэвтэртээ шигдэж хэвтэхийн дээр явахдаа гуйвагнаж явах, шээхдээ зовиурлана. Зарим гахай саажин таталдаж бөгсөн бие нь мэдээгүй болно. Өвчний 5-9 дэх хоногт арьсан дээр жижиг цусан харвалтууд илрэх бөгөөд цаашид нийлж хар хүрэн өнгөтэй толбо болохын гадна дарж үзэхэд арилдаггүй онцлогтой. Чих, сүүл, хоншоор, хэвлийн арьс хөхөрнө. 7-10 хоногт үхнэ.

Тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

1. Хорио цээрийн дэглэм тогтооно.

2. Хорио цээр тогтоосон бүсэд эргүүл пост гаргах, ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг байгуулах ажлыг зохион байгуулна.

3. Тухайн аж ахуйгаас гахай, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гаргах, худалдан борлуулах, мал, амьтан, хүн, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хориглоно.

4.  Өвчтэй болон сэжигтэй бүх гахайг устгаж, булшлах, ариутгал халдваргүйтгэл хийх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

5. Өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх арга хэмжээг авна.

6. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгийн гахайг вакцинжуулах, аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйтгэл хийх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

7. Голомтын бүсээс мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хориглоно.

8. Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна.