Эрүүл мэндийн яам, Япон Улсын элчин сайдын яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотод байрлалтай эрүүл мэндийн байгууллагуудыг эмнэлгийн түргэн тусламжийн автомашинаар хангах төсөл”-ийн хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машин хүлээлгэж өглөө.

Эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглогдсон, 250 сая төгрөгийн өртөг бүхий Tоёота /Hiace Ambulance/ загварын автомашин нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, тухайн эрүүл мэндийн байгууллагад ашиглалтын хугацаа дууссан, түүнчлэн нэмэлтээр шаардлагатай байгаа автомашины хэрэгцээ, шаардлагыг хангасан томоохон хөрөнгө оруулалт болж байгаагаараа онцлог юм.

Мөн энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан албаны хүмүүс дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж цаг үеийн нөхцөл байдалтай танилцлаа.