Сүүлийн жилүүдэд нас барах шалтгааны эхний 5 байранд осол гэмтэл, золгүй тохиолдлоос болж нас барах явдал орж байна. Түүнчлэн аюул осолд өртсөн хүмүүст газар дээр нь тусламж үзүүлэх боломж хомс, иргэд ч мөн анхны тусламж үзүүлэх мэдлэг багатайгаас үүдэн хөдөлмөрийн чадвараа алдах, нас барах тохиолдол их байна.

            Тиймээс Сонгинохайрхан дүүрэг “JCI Монгол” “JCI Улаанбаатар” байгууллагуудтай хамтран “Иргэн бүр аврагч” төслийг эхлүүлж байна. 2019 онд бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх уг төслийн хүрээнд дүүргийн төрийн өмчийн 50 цэцэрлэгийн багш нарыг анхны тусламж үзүүлэх чадвартай болгох юм. Түүнчлэн цэцэрлэг бүрт анхны тусламжийн цүнхийг стандартын дагуу бэлтгэх бөгөөд дүүргийн хүүхдийн тусламжийн тасгийг олон улсын хүргэж тохижуулах юм.