Засаг дарга Ж.Сандагсүрэн өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ онд Сонгинохайрхан дүүрэгт Улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 123 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээ хийгдэхээр төлөвлөгдсөн. Мөн энэ онд 61 төсөл арга хэмжээ эрх шилжин хэрэгжих бөгөөд 22 цэцэрлэг, 11 сургуулийн барилга, өртгөтгөл ашиглалтад орно гэдгийг Засаг дарга Ж.Сандагсүрэн мэдээллийнхээ эхэнд онцолсон юм.

Эдгээр сургууль ашиглалтад орсноор сургуулийн хүчин чадал 8920 хүүхдээр нэмэгдэж, дүүргийн хэмжээнд 12 дугаар сургуулиас бусад сургууль 2 ээлжээр хичээллэх боломжоор хангагдах юм.

         Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэг төсвийн орлогын хүрээнд 2018 онд улсын төсөвт 28.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 39.7 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 138.3 хувь, нийслэлийн төсөвт 36.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 36.0 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 99,7 хувь, орон нутгийн төсөвт 9.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 14.4 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 151.6 хувь, нийт 74.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 90.1 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 121.3 хувиар биелүүлжээ.  

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн мэдээллийнхээ төгсгөлд “Дүүргийн эдийн засаг, нийгмийн үндсийг бэхжүүлж, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тогтвортой хөгжлийн орчныг бүрдүүлэх зорилгоор 10.000-аас дээш хүн амтай хороог хувааж, хилийн цэст өөрчлөлт оруулах замаар шинээр 9 хороо байгуулах тооцоо, судалгааг гаргасан. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэг 41 хороотой болох юм” гээд уг асуудлыг шийдэж өгөхийн хотын даргаас хүслээ.