Нийслэлийн хэмжээнд анх удаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг ирэх сарын 24-с 26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Болзошгүй аюулаас хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүнийг сургах, дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах, нүүлгэн шилжүүлэлт, дайчилгааны тогтолцоог тодорхойлох зорилгоор зохион байгуулах юм.

Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Б.Ууганбаяр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийнханд зөвлөгөө, мэдээлэл өглөө.