Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй “Ирээдүйн эзэд-2019” Мэргэжил сонголтын аяны хүрээнд өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, нарийн мэргэжлийг сурталчлан таниулах зорилгоор “Мэргэжил сонголтын үзэсгэлэн яармаг”-ыг дүүргийн Гэр Бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс хамтран 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Чингис Соосэ” их сургуулийн дэргэдэх ”Их Засаг” МСҮТ-д амжилттай зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч Б.Ундармаа болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.

Тус үзэсгэлэн яармагт нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэдэг мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагууд болох “Их Засаг” Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Монгол Солонгосын политехник коллеж, Герман Монголын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Улаанбаатар Төмөр замын дэргэдэх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Ражив Гандийн нэрэмжит  Үйлдвэрлэл урлалын политехник коллеж, Хүнс технологийн политехник коллеж, Барилгын политехник коллеж, “Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд оролцон сургуулийнхаа давуу тал болон сургалтын хөтөлбөрийн талаар сурталчлан танилцуулж,  элсэлтийн бүртгэл хийлээ.

Арга хэмжээнд дүүргийн ЕБ-ын 24-н сургуулийн 9-р ангийн 4320 сурагч хамрагдсан бөгөөд сурагчдад урилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Мандуул “Мэргэжил сонголт ба ирээдүйд эрэлт хэрэгцээтэй байх мэргэжил” сэдвээр лекц уншиж, сурагчдад мэргэжил сонголтын арга зүйн зөвлөгөө өглөө.