Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 07-ны өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулна. Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаалаар баталсан журмын дагуу цэргийн бүртгэлийг явуулна. Цэргийн бүртгэлийн тогтолцоо нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны цогц юм.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын бие бүрэлдэхүүн 2020 онд цэргийн бүртгэлийг зохион байгуулах тухай сургалтыг дүүргийн хороодын зохион байгуулагч нарт энэ сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Сургалтын эхэнд Ажлын хэсгийн дарга, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Т. Сүхбаатар нар оролцож цэргийн бүртгэлээр ажиллах томилгоот бүрэлдэхүүн тогтоосон цаг хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, төрийн үйлчилгээ түргэн шуурхай, чирэгдэлгүй зохион байгуулах, төрийн болон албаны нууцын горимыг сахиж, санаачилгатай ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө. Сургалтын үеэр цэргийн бүртгэлийн үед ашиглах гарын авлага, сургалт, сурталчилгааны материал хэрэгслийг хороодод хуваарилан өгөв.

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.

Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана. Үүнд:

Иргэн - 18-50 нас

Дээд офицер /генерал/ - 65 нас хүртэл

Ахлах офицер - 60 нас хүртэл

Дунд офицер, ахлагч -55 нас хүртэл

Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч – 50 нас хүртэл

Цэргийн бүртгэл ажлын өдрүүдэд 09:00-19:00 цаг амралтын өдрөөр буюу Бямба гаригт 10:00-17:00 цаг Ням гаригт 12:00-16:00 цагт хийгдэх юм.

Энэ удаагийн цэргийн бүртгэл нь 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн нийслэлийн 173 хороонд хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогын дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.