Монгол Улсын хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яамнаас танилцуулж байна.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Хоёрдугаар сарын 11-ны мэдээгээр коронавирусийн 43099 тохиолдол, 1018 нас баралт бүртгэгдсэн. Хятадаас гадна 391 тохиолдлууд бүртгэгдсэн. Сүүлийн үед Франц, ХБНГУ, БНСУ, Малайз, Сингапур, Испани, Тайланд, АНУ, Вьетнам, Хятад Улсад зорчсон түүхгүй тохиолдлууд нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байна. Үүнээс гадна БНХАУ, Япон, Саудын Араб, Малайзад шинж тэмдэг илрээгүй хүмүүс халдвар авсан тохиолдол гараад байна.

Нэгдүгээр сарын 6-наас хойш ЭМЯ, мэргэжлийн хяналтын байгууллага, онцгой байдлын мэргэжилтнүүдтэй хамтран 4 удаагийн эрсдэлийн үнэлгээ хийгээд байна.  Эрсдэлийн үнэлгээгээр гарсан асуудлыг шийдэх төлөвлөгөөг тухай бүрд нь боловсруулан салбарын болон олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж  эрсдэлийг бууруулахаар ажиллаж байна. Энэ долоо хоногийн гол ажил бол эмнэлгийн халдвар хамгааллын дэглэмийг үнэлэх, зохион байгуулах, 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн ажилчдад танхимын болон онлайн сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна.

ДЭМБ-аас эмнэлгийн халдвар хяналт сэргийлэлт, ложистик, сэхээн амьдруулах чиглэлээр олон улсын яаралтай тусламжийн багийг авчруулахаар ярилцаж  байна.

Энэ долоо хоногт нэмэлтээр 3000 оношлуур ирнэ. Улирлын томуу болон уушгины хатгалгаатай хүмүүст идэвхтэй тандалт хийх зорилгоор коронавирусийг илрүүлэх шинжилгээ хийхээр төлөвлөж байна” гэв.