Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хорио цээрийн дэглэмтэй үед хоёр настай хүүхдийг хамруулахгүй байх сайдын тушаал батлагдан гарсан. Тус шийдвэрийг зөрчиж, хоёр настай, гурав хүрээгүй хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлсэн тохиолдолд тухайн цэцэрлэгт зөрчлийн арга хэмжээ тооцох юм байна. Арга хэмжээ тооцох эрх нь мэргэжлийн хяналтын байгууллагад байгаа гэдгийг албаныхан анхааруулж байна.

Ковид-19 цар тахалтай холбоотойгоор сурагчид болон цэцэрлэгт хүмүүжигчдийг нэг ангид 20-25 хүүхэд байхаар зохион байгуулалт хийж байгаа. Тиймээс цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийг хязгаартай авч байгаа юм. Тухайлбал хоёр настай хүүхдийг авахгүй, харин 3-4 настай хүүхдийн 50 хувийг, таван настай хүүхдийг бүрэн хамруулж байгаа юм. Сайдын тушаалаар хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй учраас хэрвээ онцгой нөхцөл байдалд гаргасан тушаал зөрчсөн сургуулийн өмнөх боловсролын байгууллагад зөрчлийн арга хэмжээ тооцохыг албаныхан анхааруулж байна.

Хоёр настай хүүхдийг халдвараас сэргийлэхийн тулд дээрх арга хэмжээг авч байгааг албаныхан учирлаж байна. Хорио цээрийн дэглэм энэ сарыг дуустал үргэлжилнэ. Хэрэв УОК хуралдаж хорио цээрийн дэглэмийг цуцалж, цааш дэглэм мөрдөх шаардлагагүй гэвэл хичээл эхлэхэд бүх хүүхдүүдээ хамруулах боломжтой гэсэн юм. Гэхдээ энэ бүгд дэлхий нийтэд цар тахлын нөхцөл байдал ямар байхаас, эмчилгээний туршилтууд амжилттай болох эсэх зэргээс шалтгаалах юм.