Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 143-р сургууль хоёр дахь хичээлийн жилдээ сурагчдаа хүлээн авлаа. Тус сургууль Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа базааж байна. Сонгинохайрхан дүүргийн 6, 23, 37, 39 хорооны 1650 хүүхэд энэ сургуульд хичээллэж байна. Тус сургуулийн шинэ хичээлийн жилийн анхны өдөртэй Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн танилцаж, багш, сурагчдад сурлага, хөдөлмөрийн амжилт хүслээ. Энэ үеэр тус сургуулийн багш, сурагчидтай цөөн хором ярилцсаныг хүргэе.

Т.Уянгасайхан:  Төвийн сургуулиудаас ч илүү орчинд суралцаж байгаадаа хүүхдүүд баяртай байна

ЕБ-ийн 143-р сургуулийн сургалтын менежер

-Онцгой нөхцөлд шинэ хичээлийн жил эхэлж байна. Ямар нэг хүндрэл байна уу?

-Үндсэн хөтөлбөрөөсөө хальж, өөрөөр хичээллэж байна. Сургалтын менежер, захирал, нийгмийн ажилтнуудад тусгай сургалт явуулсны дагуу хийгдэж байгаа учир хүндрэл бага байна. 7 хоногийн 3 өдөрт 12-оос ихгүй цагаар хичээллэхээр байна. Хүүхдийн дундаж ачааллыг 7 хоногт 9 цагаас хэтрүүлэхгүй. Нэг үндсэн ангийг хоёр дэд бүлэгт буюу 20-25 хүүхдээр хувиарлаад хичээл сургалт явуулж байна. Дэлхий дахиныг түгшээсэн онцгой цаг үе учир багш, сурагчид бүгд үүнд энэ зохион байгуулалтыг хүлээн авч, хичээлийн жилээ эхлүүлж байна. Одоогоор ямар нэг хүндрэл гараагүй байна.

-Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг утгаараа танай сургуульд элсэхийг хүсэгчид олширч байна уу?

-Кембрижийн стандартаар хичээллэнэ гэдэг үүднээс суралцах сонирхолтой хүүхдүүд их байна. Үүнээс үүдэж, ачаалал ихсэж байгаа. Эцэг, эхчүүдэд зөв мэдээлэл хүргэхэд манай сургууль хараахан Кембрижийн хөтөлбөрөө аваагүй байгаа. Гэхдээ удахгүй олон улсын боловсролыг хөрсөн дээрээ буулгаж, улсын сургуулийн жишиг дээр хөтөлбөрөө явуулахаар төлөөлөөд явж байгаа ганц сургууль гэдгээрээ давуу талтай. Үүгээрээ жаахан ачаалал хэтрээд байна. Үндсэн хүчин чадлаасаа 400 орчим мянган хүүхдээр ачаалал хэтэрсэн. Гэхдээ удахгүй  “Содон” хорооллын сургууль нээлтээ хийж, хүүхдүүдээ авбал, манай сургуулийн хэвийн ачаалалтай болно. Манай сургуулийн ихэнх сурагчийг гэр хорооллын хүүхэд эзлэж байна. Гэсэн ч хотын төвийн сургуулиудаас илүү тохилог анги танхим, техник, технологиор хангагдаж, олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаад эцэг, эхчүүд сэтгэл хангалуун байдаг. Мөн энэ нь хүүхдийн суралцах сонирхол, идэвхэд ч шууд нөлөөлдөг. Багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажиллах нөхцөл, ур чадварын асуудал ч үүнийг дагаад өөрчлөгдөж байна.

Б.Хүслэн: Багшаараа хичээлээ заалгах гоё байна

ЕБ-ын 143-р сургуулийн 7А ангийн

 -Хичээлдээ ирэх гэж их яарсан. Ангийнхнаа их санасан. Өнгөрсөн урт амралтын хугацаанд теле хичээлээ сайн ойлгоогүй. Ангидаа суугаад багшаараа хичээлээ заалгах гоё байна. Манай сургууль их тохилог, мөн багш нар маань маш сайхан харилцаатай учир би хичээлдээ явах дуртай.

Б.Хангал: Шинэ сургуульдаа би дуртай

ЕБ-ын 143-р сургуулийн 7А ангийн сурагч

-Өнөөдрийн байдлаар ангийн маань тал хүүхэд өөр ангид хичээллэж байгаа нь их өөр санагдаж байна. Зарим найзаа их санасан ч өөр ангид хичээллэж байна. Гэхдээ хүнд өвчин гарсан учраас ариун цэврийн дэглэм сайн барих нь чухал гэж бодож байна. Энэ хэвээрээ хичээл маань жил дуустал хэвийн үргэлжлээсэй гэж хүсэж байна.