СХДЗДТГ, “Дэлхийн зөн монгол” ОУБ хамтран 2000 оноос хэрэгжүүлсэн Баянхошуу орон нутгийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнгийн баяр боллоо. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд 140 мянга гаруй иргэн тус хөтөлбөрийн Хүүхэд хамгаалал, Гамшгийн менежмент болон яаралтай тусламж, Орон нутгийн оролцоо ба хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр, Ус, орчны эрүүл ахуй болон Нөлөөллийн төслөөс шууд үр шим хүртжээ. Үүнд Сонгинохайрхан дүүргийн 8 хороо, 5 сургууль, 9 цэцэрлэг, 15 хувийн хэвшил, 8500 өрх, 15 мянган эцэг эх, 25 мянган хүүхэд, 150 сайн дурынхан хамрагдсан байна. Хөтөлбөрийн үр шимийг хүртсэн иргэдийн төлөөллийн хэлснээр “Анх 2000 онд 5 настай байхдаа “Дэлхийн зөн байгууллагын ХИТХ-т хамрагдаж, Герман улсад суух нэгэн гэр бүлийн хайр ивээлийг хүртэж, тэдний ивээн тэтгэдэг монгол охин болсон. Жаахан охин байхаас минь л тэд надад үргэлж захидал бичиж, өөрсдийн амьдардаг газрын сонин сайхан, онцлог болон гэр бүлийнхээ талаар хуваалцдаг байсан. Тэд 20 жилийн турш намайг дэмжиж ирсэн. 6 жилийн их сургуулийн минь төлбөрийг төлж, өнөөдрийн намайг бий болгосон. Одоо би хүний их эмч. Мөн өөрөө Дэлхийн зөн монголын хэрэгжүүлж байгаа Дотоодын хүүхэд ивээн тэтгэлэг хөтөлбөрийн ивээн тэтгэгч гэжээ. 20 жилийн турш тогтвортой үргэлжилсэн хөтөлбөрийн үр шимийг хүртсэн иргэд сэтгэл хангалуун байж, уг хөтөлбөртэй хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүс сайн туршлага авч үлдэж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр онцолж байлаа.