Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29-р ангийн Б.Мөнхтөгс даргатай хоёрдугаар салаа 7 хүний бүрэлдэхүүн галын аюул ослоос таван эрдэнэт хүний амь насыг аварсан албан хаагчдаараа бахархаж байна. Ард олныхоо амгалан тайван байдлыг сахин хамгаалж, аюулгүй амьдралын манаанд халуун хүйтнийг үл ажран нүд цавчилгүй зогсдог хүмүүс бол манай онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн байдаг. Өргөсөн тангарагаа өндөрт өргөж яваа онцгой байдлын хэлтсийн албан хаагчдадаа дүүргийнхээ иргэдийн өмнөөс дүүргийн Засаг дарга миний бие талархал илэрхийлж байна.

 

СХД-ийн дүүргийн онцгой байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн, Ахмад Д.Алтантуяа “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 19:14 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 19:20 цагт очиж, иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 35 минут ажиллаж унтрааж чадсан. Онцгой байдлыг бие бүрэлдэхүүн гал түймрээс Б /13 настай, эрэгтэй/, А /9 настай, эмэгтэй/, М /5 настай, эмэгтэй/, А /2 настай, эмэгтэй/, З /7 сартай, эмэгтэй/ нарын амь насыг авран хамгаалж аюулгүй болгосон” гэв.

Нийслэлчүүддээ бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байх, цахилгаан, галын аюулгүй байдлыг бүрэн хангахыг сэрэмжлүүлж байна.