Сонгинохайрхан дүүргийн 24, 40, 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус ихээр гарч, нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн хашаанд халиа, дошин үүсч нөхцөл байдал хүндэрчээ. Өнөөдөр /2021.02.18/ Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтэс болон дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ажилчид нөхцөл байдал хүндэрсэн хороодод ажиллав.

 

Ажлын хэсэг гурван айлын хашаан дотроос булаг гарснаар нийтийн эзэмшлийн зам талбай, хашаан дотор их хэмжээний мөс үүссэнийг ачих, дулаарч мөс их хэмжээгээр хайлж урсахаас өмнө зохих газарт зөөвөрлөхөөр болов.

 Мөн дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтэс, онцгой байдлын газрын мэргэжилтнүүд халиа, дошин үүссэн айл өрхүүдийн гишүүдтэй уулзаж, нөхцөл байдал хүндэрсэн шалтгаан, цаашид асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлэж болох газар чөлөөлөх санал, шийдлийг санал болголоо.

 

Нийслэлийн хэмжээнд жил бүр гэр хорооллын айл өрхүүдийн дунд халиа дошин үүссэнээс болж гудамж, зам талбай хөлдөж, усанд автах асуудал үүсдэг. Үүний шалтгаан нь байгалийн хүчин зүйлээс шууд хамааралтай юм. Учир нь булгийн ус тухайн жилийн ундарга, экосистемийн нөхөн сэргэлтээс шалтгаалж газрын хөрснөөс  нэвчин гарч ирдэг. Мөн хашаа, гудамж талбайд нь халиа дошин үүссэн айлуудын ихэнх нь булгийн эхэнд зөвшөөрөлдгүй буусан байдаг.  Үүнээс болж булгийн усны голдирол алдагдаж, айл өрх усанд автах асуудлууд үүсдэг. Мөн зарим хороодын нутаг дэвсгэрийг  том хэмжээгээр дамнасан булгийн устай газар ч олон байдаг. Энэ нь жил бүр халиа, дошин үүсэх хамгийн том шалтгаан болдог талаар албаныхан хэллээ.