“Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” үйл ажиллагаанд нийслэлийн есөн дүүргээс 6469 хүн оролцлоо. Цахим гүйлтийн 14 хоногийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 1664 гүйгч нийт 47879 км зам туулсан үзүүлэлтээрээ нийслэлийн бүсийн тэргүүн байрт бичигдлээ.

 

2020 оны улсын нэгдсэн тооллогоор Улаанбаатар хотын хүн ам 1466100 байна. Энэ удаагийн цахим гүйлтэд нийслэлийн нийт хүн амын 0.45 хувь орчим нь оролцжээ.

“Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” үйл ажиллагааны удирдамжийн дагуу байгууллагын нэгдсэн дүнг гаргахдаа аймаг, дүүргийн “Strava” группэд гүйлт нь бүртгэгдсэн иргэдийн тоо, туулсан замын нийт километрт харгалзуулсан оноо, нээлттэй фэйсбүүк групп, пэйж болон цахим хуудсанд байршуулсан мэдээтэй танилцсан хандалт болон мэдээг бусдад хуваалцсан тоо зэргийг нэмж, нийлбэр оноог их онооны системээр байр эзлүүлсэн. Мөн тухайн аймаг, дүүргийн хүн амын тоог туулсан замын нийт километрт харгалзуулж дүгнэсэн юм.