Сонгинохайрхан дүүргийн  ЗДТГ-аас хэрэгжүүлж буй  “Хотын соёл” төслийн хүрээнд тус дүүргийн 32 дугаар хорооноос  “Хотын иргэн” санаачилгат аян зохион байгуулж хорооныхоо ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангажээ.

 

Тодруулбал, дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран хорооныхоо ажилгүй 30 иргэнийг өдрийн 22 мянган төгрөгөөр цалинжуулж ажиллуулсан байна. Иргэд нийтийн эзэмшлийн зам талбай, үерийн далан, суваг шуудууг цэвэрлэж, иргэдийн ая тухтай амьдрах орчинг бүрдүүлээд байна.

 

 

 

Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж амьдралын их далайд жинхэнэ утгаараа хөл тавин орно гэдэг хүний амьдралын баярт үйл явдлууд дундаас тод томруунаар дурсагдан үлддэг билээ. Гэрэлт наран ээж, байгаль дэлхий үзэсгэлэнт төрхөө олсон зуны энэ л өдрүүдэд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид сургуулиа төгсөн боловсролын гэрчилгээ гардан авч байна.

Сонгинохайрхан дүүрэгт төрийн өмчийн 16, хувийн хэвшлийн 7 сургууль байдаг. Эдгээр сургуулиудад 2013-2014 оны хичээлийн жилд нийт 37211 хүүхэд суралцсанаас 2329 хүүхэд 11-р ангиа төгсөн амьдралын их замд хөл тавьж байгаа юм. 

 

Тус дүүргийн 9 дүгээр сургуулийн төгсөгчид өчигдөр Суурь боловсролын болон Бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсныг дүүргийн Засаг дарга М.Чинболд гардуулан өглөө. Мөн ЗДТГ-ын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Пүрэвсүрэн, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга У.Буянболор, 9 дүгээр сургуулийн захирал Г.Жигжидсүрэн нар байлцлаа. Тус сургуулийн хувьд 135 хүүхэд 11 дүгээр анги төгсөж байгаа юм.

Маргаашнаас буюу 6 дугаар сарын 14-нөөс Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлнэ. Шалгалтаа амжилттай өгч хүссэн мэргэжилээ эзэмшин чадварлаг боловсон хүчин, эх орондоо хэрэгтэй иргэн нь болохыг Засаг дарга М.Чинболд төгсөгчиддөө хүсэн ерөөлөө.

 

Нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын эхний хагас жилийн хэрэгжилтийн явцын тайланг нэгтгэн гаргаж Засаг даргын Тамгын газарт / харъяа хэлтэстээ/ 6 дугаар сарын 22-ны дотор ирүүлэхийг мэдэгдэж байна.

ЗДТГ-ын ЭЗТХ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар  “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагааг зохион байгуулах” журмыг хэлэлцэн, баталлаа.   Журам батлагдсанаар оршуулгын газрын хил хязгаарыг хэрхэн тогтоох, ямар тохиолдолд хаах нь тодорхой болж байна. Мөн оршуулгын үйл ажиллагаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагуудын үүрэг тодорхой болж, ил тавьсан шарилыг тойрсон гомдол, саналыг шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм. Зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх, суурьшлийн  бүсэд ил задгай шарилыг тавьсан  иргэн, аж ахуйн нэгжид тооцох хариуцлагыг тусгасан.  Ингэснээр шашны байгууллагаас мөрдөж ажиллах үүрэг тодорхой болж, оршуулгын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээллийн сан бий болгох юм.

 


Энэхүү журам нь  оршуулгын газрыг байгуулах, хамгаалах, тохижуулах,  хаах болон шарилыг оршуулах, чандарлах, нүүлгэн шилжүүлэх ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.
Багануур, Багахангай, Налайх дүүрэгт шинээр байгуулах оршуулгын газрын байршил, хэмжээ, хил хязгаар, хамгаалалтын бүс болон одоо байгаа оршуулгын газрын оршуулах талбайн нөөц, хаагдсан оршуулгын газрыг Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу сэргээн засварлах, тохижуулах асуудлыг дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тодорхойлохоор тусгасан.
Журамд нийслэлийн нутаг дэвсгэрт шарил ил тавих, зөвшөөрөгдсөн оршуулгын газраас бусад газар оршуулгын ажил зохион байгуулах,  цэвэр ус, булаг шандын эх, газар тариалан, аялал зуучлал, иргэдийн суурьшлын бүс, нийслэлийн ногоон бүс зэрэг стратегийн ач холбогдол бүхий бүсүүдэд оршуулгын газар байгуулах, хамгаалалтын бүс дотор газар олголт хийх, нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхүйц зан үйлээр оршуулга хийхийг хориглохоор заажээ.
Мөн энэхүү журмыг зөрчвөл иргэн аж ахуйн нэгж, байгууллага, лам хуврага, бөө удган нарт хөдөлмөрийн хөлсийг 3-10 дахин нэмэгдүүлэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулах юм байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Нийслэлийн орон сууцны 65 хороонд амьдрах орчны зураглал хийнэ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран 2013 онд 6 дүүргийн гэр хорооллын 87 хороонд амьдрах орчны зураглалыг иргэдийн оролцоотой хийсэн. Эдгээр газрын зураглалуудыг багтаасан цахим газрын зураглалын сан бүхий www.manaikhoroo.mn вебсайтыг ч бүтээсэн. Энэхүү цахим хуудаснаас иргэд, холбогдох албан тушаалтнууд гэр хорооллын хороодын нийтийн үйлчилгээний хангамж, хүртээмжийн талаар хүссэн мэдээллээ цахим хэлбэрээр харж, дүн шинжилгээ хийх боломжтой болсон юм.

 


 Харин удахгүй үлдсэн орон сууцны 65 хороонд амьдрах орчны газрын зураглалыг хийх гэж байна.  Эдгээр хороодоос  55 нь орон сууцных, үлдсэн 10 нь байшин,гэр хороолол бүхий холимог бүтэцтэй. Эдгээр хороодод газрын зураглалыг хэрхэн хийх, ямар үндсэн индикаторуудыг сонгож авах талаар санал солилцох уулзалт Захирагчийн ажлын албаны хурлын зааланд боллоо.
 
Хуралд нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар, мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнүүд  оролцсон. Хурлын үеэр Manaikhoroo.mn вэбсайтны онцлогийг танилцуулсан. Энэхүү сайтанд google газрын зурагт хэрэглэгчтэй харилцах интерфэйсийг суулгаж өгснөөр хэрэглэгч газрын зураглалд тэмдэглэгдсэн үзүүлэлтүүдийг өөрийн хүссэн сонголтоор, олон хэлбэрээр харах боломжтой болсныг онцолсон. Газрын зураглалыг нийслэлийн 152 хороонд хийж дууссанаар иргэдийн оролцоотой хийсэн амьдрах орчны үндсэн үзүүлэлтүүдийг Улаанбаатар хотын ирэх таван жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгах боломжтой болж байгаа юм.
 
 Энэ ажлын хүрээнд дүүргүүдийн мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнүүдэд 2014 оны 06 сарын 13-нд “Газарзүйн мэдээллийн системийг ашиглан газрын зураглал хийх нь” сургалт зохион байгуулна. Сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүд амьдрах орчны газрын зураглалыг цаашид баяжуулан иргэдийн саналыг газрын зурагтаа тусгаж тэмдэглэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

  Өчигдөр буюу 6 дугаар сарын 10-ны билэгт сайн өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Гандантэгчилэн хийдийн Гунгаачойлон хийдтэй хамтран Сонгинохайрхан уулыг тахилаа. Сонгинохайрхан уулыг эртнээс тахин тайж ирсэн уламжлалтай бөгөөд 1930-аад оноос хойш энэ уламжлал тасарсаныг Гандантэгчилэн хийдийн Гунгаачойлон хийдийн лам нар 1994 оноос сэргээн, жил бүр тасралтгүй тахижээ.

 

Энэ жилийн хувьд Сонгинохайрхан дүүргийн ИТХ, ЗДТГ-аас тахилгыг хамтран зохион байгуулахаар болсон юм.

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төдийгүй нийслэлийнхний хүндлэн дээдэлж идээний дээжээ өргөдөг Хайрхан уулын өвөр бэлд болсон энэхүү тахилгын зан үйлийг  Гунгаачойлон дацангийн лам нар хийж ном уншсан бөгөөд дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос аймаг, сумын цолтой 32 бөхийн барилдаан, сур харваа, хүүхдүүдийн гүйлт зэргийг зохион байгуулж, бэсрэг наадам хийлээ.

Жич: Монголчууд эртнээс уул ус, байгаль дэлхийгээ тахин тайж ирсэн уламжлалтай. Тахилга гэдэг нь уул, ус, байгаль дэлхийн эзэд (лус, савдаг, навдаг, шивдэг)-ийг хүндэтгэн дээдэлж, од, гараг эрхэсийн орчил хөдөлгөөний сайн тохиол буюу сайн өдөр, цагийг олж, нутгийн ард олон тухайн нутаг орондоо хамгийн ихээр хүндэтгэн дээдэлдэг уул, усандаа идээ, ундааныхаа дээжийг өргөн хүндэтгэл үзүүлж, сүсэглэн залбирч, мөргөл үйлдэх ёслол буюу монголчуудын байгалийг дээдлэх соёлын цогц илэрхийлэл юм.

 

  Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, шилжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг дарга М.Чинболд  өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй өнөөдөр гүйцэтгэлийн гэрээ байгууллаа.

 

Сонгинохайрхан дүүргийн нийт 32 хорооны 26 Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар дүүргийн Засаг дарга болон Эрүүл мэндийн нэгдлийн даргатай гурвалсан гэрээ байгуулж гарын үсэг зурсан юм.  Энэхүү  гэрээг Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/274 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын 2014 оны А/185 дугаар захирамжийн дагуу байгуулсан бөгөөд гүйцэтгэлийн гэрээнд “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”, 2014 оны нийслэлийн болон дүүргийн Эдийн засаг нийгмийн зорилт, Эрүүл аюулгүй байдлын индекс зэрэгт заагдсан холбогдох заалтуудыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Сонгинохайрхан дүүрэгтэй харилцаа, хамтын ажиллагаатай БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн Хайлаар дүүргийн төлөөлөгчид энэ сарын 04-06-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлалаар хоёр тал 2014 оны 2 дахь хагаст хамтран ажиллах төлөвлөгөөг хэлэлцсэн. Мөн 6 дугаар сарын 29-өөс 7 дугаар сарын 04-ний өдрүүдэд Хайлаарт болох Хятад, Монгол, Орос 3 улсын Эдийн засгийн форум, Үзэсгэлэн яармаг худалдаанд Сонгинохайрхан дүүргийг оролцохыг урьж энэхүү арга хэмжээнд хэрхэн хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Хайлаарын гурван улсын Эдийн засгийн форум, Үзэсгэлэн яармаг худалдаа энэ жил 10 дахь удаа болох гэж байгаа бөгөөд хоёр тал үүнд өндөр ач холбогдол өгч зохион байгуулж, оролцохоор шийдвэрлэлээ.

 

2014 оны Хамтын ажиллагааны төлөвлөгөөнд мөн Хайлаар дүүргийн 20 сурагчыг Олон улсын “Найрамдал” зусланд амраах, Сонгинохайрхан дүүргийн тодорхой тооны төрийн албан хаагчыг Хайлаар дүүрэгт туршлага судлуулах зэрэг асуудлуудыг тусгасан юм.

Зочид төлөөлөгчдийг дүүргийн Засаг даргын Хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч Б.Батдорж, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Төрхүү, ИТХ-ын Ажлын Албаны дарга Ш.Бат-Өлзий, ЗДТГ-ын Захиргаа хуулийн хэлтсийн дарга А.Пүрэвсүрэн  нарын удирдлагууд хүлээн авч уулзсан юм. Мөн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нямбаатар, Засаг даргын орлогч Б.Батдорж, ЗДТГ-ын дарга С.Мөнхчулуун нар оройн зоог барьж хүндэтгэл үзүүллээ.

 

Сонгинохайрхан дүүргийн 32-р  хорооны нутаг дэвсгэрт  130 га газрыг хамарсан 14 мянган авто машины зогсоолтой авто худалдааны цогцолбор баригдахаар болсон билээ. Тус цогцолборын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан “Авто худалдааны цогцолбор” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/-ын дарга Д.Байдрагийн ярилцлагыг танд хүргье.

 

-Нийслэлд томоохон бүтээн байгуулалт өрнөж байгаагийн нэг нь авто  худалдааны цогцолбор. Ялангуяа энэ чиглэлийн бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хамгийн их сонирхож байгаа зүйл бол энэхүү цогцолборын ажил ямар шатанд явж байгаа асуудал. Энэ талаар яриагаа эхэлье?
-Авто худалдааны огцолборыг байгуулах бэлтгэл ажил өнгөрсөн жилээс эхэлж чиглэл чиглэлээрээ ажлын хэсэг байгуулсан. Сонгинохайрхан дүүргийн XXXII  хороо буюу хуучин 22-ын товчооноос урагш 1,7 км-т барихаар болсон. Нийтдээ 130 га газрыг хамарсан 14 мянган авто машины зогсоолтой байхаар төлөвлөж байгаа. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу энэ цогцолборын хажууд 15 мянган айлын орон сууц мөн баригдана. Энэ хугацаанд зам талбайн зураг төслүүдийг зохион байгуулж байна. Өнгөрсөн тавдугаар сарын 14-нөөс эхлээд авто машин худалдаалах зогсоолын борлуулалтыг авч эхэлсэн. Эхний ээлжинд энэ сарыг дуустал авто машины бизнес эрхлэж  байгаа иргэдтэйгээ гэрээ хийж байна. Мөн энэ салбарт хөрөнгө оруулъя гэж байгаа бүх иргэн, хуулийн этгээдэд нээлттэйгээр борлуулалт хийгдэх юм. Борлуулалтын хувьд зогсоол  хоёр өөр хэмжээтэй байгаа. Үнийн хувьд 4-9 сая төгрөгийн хооронд  борлуулалт хийгдэнэ. Энэ цогцолборт маань нийт 17 барилга баригдахаар байгаа. 30 мянган м.кв таван давхар олон улсын экспо барих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэхдээ энэ жилийн хувьд зөвхөн бэлтгэл ажлууд хийнэ. Түүнчлэн бид 14 барилгажих газрыг дуудлага худалдаагаар өгөх бөгөөд газар авсан компаниуд барилгаа өөрсдөө барина. Хот ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, зураг төсөл, эрчим хүч, дэд бүтцийн асуудлыг шийдэж өгнө.
-Иргэд хэр идэвхитэй байна?
-Борлуулалтын ажил тавдугаар сарын 14-нөөс эхлэсэн гэхээр 20-иод хонож байна. Энэ хэдхэн хоногт мянгаад иргэн манайхаас мэдээлэл авсан. 200-гаад хүн хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн байгаа. Борлуулалт арав гаруй хувьтай явагдаж байна.
-Барилгын ажил хэзээ эхлэх вэ?
-Барилгын ажлын тухайд гүйцэтгэгчээ сонгон шалгаруулж байж эхлэнэ. Одоогоор аль болох түргэн хугацаанд гүйцэтгэгчээ сонгон шалгаруулах тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна.
-Нийслэлд машин худалдаалж байгаа цэгүүд болон авто худалдааны цогцолбор хоёрын ялгаа  тэнгэр газар шиг  зөрүүтэй байх болов уу?
-Одоогоор автомашиныг зориулалтын болон зориулалтын бусаар 30 цэгт худалдаалж байна. Эдгээрээс иргэд сонголтоо хийхэд цаг хугацаа гээд олон хүчин зүйлээ алддаг. Хотын төвдөө хаана дуртай газар энэ төрлийн худалдаа хийж байгаа нь хотын бодлоготой зөрчилдөж байгаа.  Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө бол нийслэлийн замын түгжирлийг сааруулах зорилготой. Түүнтэй уялдуулаад энэхүү цогцолбор маань түгжирлийг сааруулахад ихээхэн ач холбогдол өгөх юм. Мөн алслагдсан хороонд цогцолбор байгуулагдснаар орон нутагт үл хөдлөх хөрөнгийн орлогын албан татвар нэмэгдэж, ажлын байр, бизнесийн орчин нэмэгдэх, агаарын болон хөрсний бохирдол багасна гээд маш олон талын ач холбогдолтой. Авто худпалдааны цогцолборт машины худалдаа, сэлбэг, жолооны сургалт, авто засвар зэрэг авто техниктэй холбоотой бүхий л үйлчилгээг багтаасан цогцолбор барихаар төлөвлөөд байна. Мөн баруун бүсийн ложистикийн төв баригдана. Дэд бүтцийн тухайд хойноосоо 22-ын товчоо, урдуураа Туул голын хурдны замтай холбогдох юм.
-Ирэх аравдугаар сарын 1-ээс нэг ч  автомашин ил задгай худалдаалахгүй гэж байгаа. Иргэдээс ирж байгаа хүндрэл бэрхшээл юу байна?
-НИТХ-ын Тэргүүлэгчийн тогтоолоор аравдугаар сарын 1-нээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ил задгай автомашин худалдаалахыг хориглосон байгаа. Тэгэхээр зөвхөн энэхүү цогцолбор дээр л авто машины худалддаа эрхлэнэ гэсэн үг.
-Захиалагчийн гэрээ хийхэд урьдчилгаа төлбөр төлөх үү?
-Төлбөрийг 100 хувь урьдчилж авч байгаа. Бид богино хугацаанд бүтээн байгуулалт хийх учраас хөрөнгийг төвлөрүүлэх зорилготойгоор урьдчилгаа төлбөрийг авч байгаа. Үүнтэй холбоотой Зээлийн батлан даалтын сан, түүнтэй хамтран ажилладаг арилжааны банкуудтай гурвалсан гэрээ байгуулахаар хамтран ажиллаж байна. Энэ нь манай авто зогсоолыг худалдаж авах иргэдэд банкууд зээл олгох, барьцаа хөрөнгийг Зээлийн батлан даалтын сан даах ач холбогдолтой. Манайхаас ямар үүрэг хүлээлгэж байгаа гэхээр аравдугаар сарын 1-нээс ашиглалтанд ороод зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гартал батлан даалтын сан дээр барьцаа хөрөнгийн баталгаа гаргаад дараа нь үл хөдлөхийн гэрчилгээ гарахаар банкинд барьцаа болж очихоор зохицуулалт хийхээр ярьж байна. Энэ асуудлаар бид удахгүй хамтарсан мэдээлэл хийнэ.
-Хотын баруун чиглэлд 22-ын товчоо гэхээр хотын төвөөс алслагдсан гэх юм. Энэ тал дээр?
-Байршил нь харьцангуй хол. Тэгэхдээ Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөгөөр Сэлбэ, Баянхошуунд Улаанбаатрын дэд төвүүд баригдана. Тэр хүрээнд  цогцолбор болон маш олон орон сууцны хорооллууд баригдаж байгаа юм. Иргэд зөвхөн машин худалдаж авахгүй. Тос маслоо солиулах гээд очихдоо ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, үзвэр үйлчилгээ гээд л бүх зүйл төвлөрнө.  Түүнчлэн бид банкуудтай ярилцаж байна. Зээлийн батлан даалтын сантай хамтарч ажилладаг арилжааны найман банкнаас сонгож аваад гурвалсан санамж бичиг байгуулах түвшинд ярилцаж байгаа. Банкууд зогсоол авах гэж байгаа харилцагч нартаа зээл олгох талд анхаарна гэсэн үг. Авто зогсоолын нийт борлуулалтын хэмжээ бол 53 тэрбум төгрөг байгаа. Энэ маань банкуудад тодорхой хэмжээний зах зээл юм. Манайх зогсоолын борлуулалтаа эхний удаа “Хаан”, “Хас” “Голомт” банкны дансаар хийж байгаа.
-Таны хувьд НИТХ-ын төлөөлөгчөөр ажилдаг. Тэгэхээр одоогийн автомашин худалдаалж байгаа газрууд дээр  сургууль, цэцэрлэгийн барилга барих хэрэгтэй байна гэсэн санал хэлж болдоггүй юм уу?
-Автомашин худалдаалж байгаа зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй бүх газрууд хаагдана. Ингэхдээ тэдгээр иргэд маань үүнийг  дараагийн бизнесийн орчин хэмээн харж байгаа юм байна лээ. Тодруулбал, “Өгөөмөр”, “Да хүрээ“ зэрэг газрууд өөрсдөө барилгажих төлөвлөгөөтэй байгаа юм билээ. “Өгөөмөр” зах гэхэд л Баянзүрхийн XIV хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтөнд орчихсон хороолол багтаж байгаа. Тэр ч утгаараа өөрсдөө зураг төслөө гаргаад нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хандаж байгаа гэсэн. Нийслэлийн хэмжээнд 86 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар болоод байршлыг нь шийдсэн байгаа. Зарим байршил дээр газар чөлөөлөх ажилд бэрхшээл гараад байгаа гэсэн. Эдгээр газруудад нийгмийн барилга байгууламж барихаар төлөвлөсөн байгаа бол хотод тэр газрыг нь худалдаж авах зохицуулалт байж болно.

М.Янжинлхам